З.Энхболд: ҮАБЗ төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг төрийн мэдэлд авах зөвлөмж гаргасан

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-03-07 17:12:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурал (УИХ)-ын ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын дарга болон Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлыг хэлэлцүүлэх Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын дарга хүлээн авсан.

Энэ талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд товч мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг, АТГ-ын даргад Д.Даваа-Очир, дэд даргад Ж.Батсайхан нарыг нэр дэвшүүлсэн гэдгийг дурдсан юм. Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд авсан зээлийн асуудалд Ерөнхийлөгч ямар байр суурьтай байна вэ?

-ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд зээл авсан асуудалд Ерөнхийлөгч анхнаасаа шүүмжлэлтэй хандаж байсан. Одоо ч энэ байр сууриндаа байгаа.

-Цэргийн албан хаагч амиа алдсан харамсалтай тохиолдол хэд хэд гарлаа. ЗХЖШ-ын удирдлагад хариуцлага тооцох уу?

-Шат шатандаа хариуцлагын асуудал яригдана.

-Өнгөрсөн долоо хоногт болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-ҮАБЗ хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг ярилцаж, зөвлөмж гаргасан. Ер нь бол эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуульд заасан “Байгалийн баялаг ард түмний өмч байна” гэсэн заалтын дагуу төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд эгүүлэн авах хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргасан. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал нэг улсаас хэтэрхий хараат болсон. Тиймээс үүнд анхаарлаа хандуулах нь чухал юм. Мөн Сайншандын төмөр замыг энэ онд, Гашуун сухайтын төмөр замыг 2020 онд барьж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс иргэдэд ногдол ашиг тараагаад үлдсэнээр нь төмөр зам барих шийдвэр гаргасан юм.

-Ер нь төсвийн мөнгөөр хайгуул хийсэн хэдэн орд хувийн хэвшилд байна вэ?

-Цагаан суварга, Салхит, Асгат зэрэг 400 гаруй бий.

-Цагаан суваргын ордыг улсын мэдэлд 100 хувь авах уу?

-Цагаан суваргын ордод уурхай барьсан компанитай төр гэрээ байгуулна. Ингэхдээ олборлолт хийсэн ажлын хөлсийг тухайн уул уурхайн компанид төлөөд үлдсэнийг төр авна гэсэн үг. Бусад ордууд мөн адил зарчмаар явах юм.

-“Эрдэнэт үйлдвэр”-т 1991 оны хуулийг ашиглаж онцгой дэглэм тогтоосон нь зөв үү?

-Засгийн газарт эрх олгох тухай хууль 1991 онд батлагдсан. 1997 онд ОХУ-д “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчлах явцад маргаан гарсан. Үүний улмаас “Эрдэнэт үйлдвэр” удирдлагагүй болсон тул Монгол Улсын Засгийн газраас онцгой дэглэм тогтоож, удирдлагуудыг нь томилж байсан түүх бий. Өнөөдөр тус үйлдэрийн 51 хувийг барьцаанд тавьсан, 49 хувь нь маргаантай байгаа тул онцгой дэглэм тогтоох нь зөв гэж үзэж байгаа. Цаашид ч Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хэрэглэх байх.

-“Эрдэнэт үйлдвэр”-ээс өөр байгууллагад онцгой дэглэм тогтоох уу?

-Эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж, томоохон үйлдвэрүүд удирдлагагүй болсон тохиолдолд онцгой дэглэм тогтооно.

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг та УИХ-ын дарга байхдаа томилсон. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авахад Монголбанкнаас мөнгө гаргасан гэж байгаа?

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг нэр дэвшүүлсний дагуу томилсон. Хэрвээ Монголбанкнаас мөнгө гаргасан гэвэл Н.Золжаргал өөрөө  мэдэгдэл хийх хэрэгтэй.

Холбоотой мэдээ