Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийг гэрээний дагуу олгохыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-14 13:08:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар хариуцсан менежер, Дийпак Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. 


Монгол улсын эдийн засаг сайжирч, 2019 оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого давсан үзүүлэлттэй байгааг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр, "Төсвийн орлого давж байгаа ч, төсвийн тэнцэл, валютын ханшийг бууруулахад Засгийн газар бодлогын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын Засгийн газар, ОУВС хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас нийт 440 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг гурван үе шаттайгаар авахаар тогтсон. Энэ хүрээнд Дэлхийн банкнаас олгож буй хөнгөлөлттэй зээлийн II, III шатны санхүүжилтийг гэрээний дагуу авах хэрэгтэй байна" гэв.


Ноён Дийпак Мишра, "Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, Монгол улс бодлогын 10 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний тав нь бүрэн хэрэгжсэн бол, дөрөв нь энэ оны эхний улиралд биелэх боломжтой байна. Тиймээс хоёр дахь шатны зээлийг олгох бэлтгэл ажил хангаж байгаа" гэлээ.

Холбоотой мэдээ