“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг их засварт орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-15 12:08:04

Архангай /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд “Аймгийн нэгдсэн эмнэлгийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Нэгдсэн эмнэлэг нь 1979 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш их засварт ороогүй байна. "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 76,967 ам.доллор буюу 197,3 сая төгрөгөөр иж бүрэн засварт орохоор боллоо. Засварын ажил энэ ондоо дуусна.

Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-өөс Архангай аймаг эрүүл мэндийн салбартаа ийнхүү хоёр дахь удаагаа буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтыг авч байна. Харин боловсролын салбарт өнгөрсөн жил Тариат сумын ЕБС-ийн хүүхдийн 3 давхар дотуур байрны засварыг 200 гаруй сая төгрөгөөр бүрэн зассан юм.

Тус хөтөлбөрийг Монгол Улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 537 төслийг хэрэгжүүлжээ.


Холбоотой мэдээ