МАН-ын бүлэг алтны татварыг 2.5 хувиар тогтоохыг дэмжинэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-03-18 14:08:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлах нь зөв гэдэгт санал нэгджээ.

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Татварын багц хуулийн төслийг өргөн бариад олон сар болж байна. Энэ хуулийн төслийг нэн даруй хэлэлцэж батлах нь зөв юм. Мөн бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд иргэн, аж ахуйн нэгжүүдээс Монголбанкинд тушаах алтны татварыг 2.5 хувиар тогтоох хуулийн хэрэгжилтийг 2023 он хүртэл сунгах асуудлыг тусгасан юм. Энэ оны нэгдүгээр сарын 01-нд уг хуулийн хэрэгжих хугацаа дууссанаар Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ 81 хувиар буурсан байна. Тиймээс валютын нөөцийг нэмэхийн тулд энэ хуулийн төслийг дэмжих нь зөв хэмээн үзсэн” гэлээ.

Алтны татварыг 2.5 хувиар тогтоосноор татвараас зайлсхийх, алтны хууль бус наймаа газар авахаас сэргийлнэ гэдгийг Я.Содбаатар гишүүн дурдлаа. Тэрбээр, “Дээр дурдсан 2.5 хувийн татвар дээр нэмээд алтны зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалсан 5 хүртэл хувийн татвар авах юм. Өнгөрсөн онд Монголбанк 20 тонн алт худалдан авсан. Цаашдаа дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, хууль журмаа сайжруулан алтны хууль бус наймааг зогсоох зэрэг ажлыг өрнүүлэх нь зөв юм” гэв.

БНХАУ алтны үнийн өсөлтөөс шалтгаалан 0.5-5.5 хувь, ОХУ улс 6 хувь, Казахстан улс 5 хувийн татвар авдаг байна. Тиймээс Монгол Улс ч бусад оронтой ойролцоо татвартай байж өрсөлдөх чадвараа сайжруулах нь зөв хэмээн тус бүлэг үзжээ.

Харин ЗХЖШ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох асуудлыг бүлгийн дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон байна.

Холбоотой мэдээ