Малын халдварт өвчнөөс сэргийлэх вакцин худалдан авах гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-19 16:20:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ОХУ-д албан айлчлал хийх үеэр Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин худалдан авах гэрээ байгуулав.

Айлчлалын үеэр сайд Ч.Улаан Москва мужийн адуу үржүүлгийн “Московский конный завод №1” аж ахуй болон “Наро-Осановский” сүүний үйлдвэрээр орж зочиллоо.

“Московский конный завод” үржүүлгийн газарт Орлов, Орос болон Тракенен зэрэг цэвэр үүлдрийн адууг үржүүлэхээс гадна жилийн дөрвөн улирал адууг торддог байна. Түүнээс гадна хүүхэд багачуудыг багаас нь адуунд элэгтэй, морь унаж, асрахад сургах дугуйланг төлбөргүй хичээллүүлдэг байна. Дугуйланд 60 хүүхэд суралцаж байгаагийн 55 нь эмэгтэй хүүхдүүд байгааг үржүүлгийн газрын ерөнхий захирал Ю.Б.Прохоров сонирхуулав.


“Наро-Осановский” сүүний аж ахуйн хувьд 4000 га газар бүхий үнээний ферм, сүү, сүүн бүтээгдэхүүний цех, хүнсний ногоо болон малын тэжээл тарьж байгааг танилцуулав. Үнээний ферм нь өдөрт 60 тонн сүү гаргаж авах хүчин чадалтай аж. Түүнээс гадна сүүнийхээ тодорхой хэсгийг боловсруулан өдөрт 10 тонн тараг, цөцгий, зөөхий, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Москва мужийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлдэг байна.   ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг дээрх аж ахуй, үйлдвэрээр ороход Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа дагалдан явав.  

Холбоотой мэдээ