УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-20 18:07:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.


Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх үед АН-аас гурван цагийн завсарлага авсан юм. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Татварын ерөнхий хуулийн төсөлд хууль зөрчсөн заалтууд бий. Тухайлбал, бусдын өмчийг өр барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэргүйгээр хураах заалт орсон нь Үндсэн хуулийг зөрчинө. Мөн Татварын алба битүүмжилсэн өмчийг дуудлага худалдаанд оруулахдаа анхны үнийг тогтоодог байхаар заасан. Татварын байгууллага татвар хураах ёстой болохоос эд хөрөнгийн үнэлгээ хийдэг байж болохгүй. Тиймээс хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг эдгээр заалтыг өөрчлөх хэрэгтэй” хэмээгээд завсарлага авах хүсэлт гаргасан. Энэ дагуу УИХ-ын дарга 18.00 цаг хүртэл чуулганыг завсарлуулж, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг, Төсвийн байнгын хороонд дээрх асуудлыг нарийвчлан хэлэлцэх үүрэг өгсөн юм.


Гэвч энэ хугацаанд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг л хуралдсан байна. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Төсвийн байнгын хороог өнөөдөр 19.00 цагт хуралдуулахаар товлосон байна. Харин өнөөдрийн чуулганыг өндөрлүүлж, маргааш буюу энэ сарын 21-ний 10.00 цагт хуралдуулах шийдвэрт хүрснийг УИХ-ын дарга танилцуулав.

Холбоотой мэдээ