Улсын хэмжээнд 18.5 мянган сурагч монгол хэл, бичгийн шалгалт өгнө

Монголын мэдээ | Боловсрол
ariunbold@montsame.mn
2019-03-23 11:21:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр 12.00 цагт орон даяар эхэлнэ.


Энэ удаагийн шалгалтад 18 мянга 500 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд үүнээс 10 хувь нь өмнөх оны төгсөгч байгааг Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ онцлов. Тэрбээр, "Улсын хэмжээнд нийт 34 төвд шалгалтын байр ажиллаж байна. Шалгалтын босго оноо 400 байх бөгөөд ирэх сарын 01-нд дүнг зарлах болно. Босго оноог даваагүй хүүхэд их, дээд сургуульд элсэх эрхгүй байх юм. Мөн ирэх сарын 20-нд монгол хэл, бичгийн шалгалтыг дахин зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад босго оноог даваагүй эсхүл ямар нэгэн шалтгаанаар оролцож чадаагүй бол ирэх сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой" гэлээ.


Сурагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан гуравдугаар сарын 11-23-нд www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аас хэвлэн авсан байх ёстой юм.  Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудсыг энэ оны тавдугаар сарын 06-наас эхлэн тараах юм.

Холбоотой мэдээ