Хошууч генерал А.Ганбат ЗХЖШ-ын даргын үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2019-03-23 14:08:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсны Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ)-ын даргаар томилогдсон хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаа хүлээн авлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох саналаа өнгөрсөн сарын 02-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Өчигдөр буюу энэ сарын 22-нд болсон УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн. Улмаар Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хошууч генерал А.Ганбатыг томилсон юм.


Хошууч генерал А.Ганбатын намтар:

-1962 онд Улаанбаатар хотод төрсөн.

-1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль,

-1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль,

-1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи,

-1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи,

-2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.


1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд ажиллаж байна. Тодруулбал, Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчоор ажиллаж байв. Мөн ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын Сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2005 онд хошууч генерал цол хүртжээ.

Холбоотой мэдээ