“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр боть "мэндэллээ"

Монголын мэдээ | Боловсрол
ariunbold@montsame.mn
2019-03-23 16:08:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн "Талын түрлэг" төрийн бус байгууллагаас эрхлэн гаргасан “Монголын шилдэг нийтлэл”-ийн 99 дүгээр ботийн нээлт өнөөдөр “Интерном” номын их дэлгүүрт боллоо.


“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр ботид Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” нийтлэлээс эхлээд СГЗ Ай.Төмөр-Очирын “Адууны тусгаар тогтнол”,  Ц.Дашдондовын “Хэвлэл, мэдээллийн хэл найруулгын алдаа мадаг хэтийдлээ”, Г.Мэнд-Ооёогийн “Нутаг сэлгэх хунгийн энэлэн буюу Дарьгангын дууль” зэрэг шилдэг бүтээл багтжээ. Мөн сэтгүүлч, улстөрч Т.Гандигийн “Аавын нутгийг эргэхүй”, сэтгүүлч С.Амартайван, Г.Ариунчулуун, Г.Баатарнум, Б.Номин нарын 40 гаруй уран бүтээлчийн “Уулын тунгалаг голуудаар умдаалсан тэмдэглэл”, “Улаанбаатар хот хэмээх “Нинжа”-гийн сургууль”, “Өмнөд Суданы өнгөт бус амьдрал”, “Үүлийн үйлийн үр” зэрэг бүтээл багтсан байна.


“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр ботийн талаар соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов уялага үг бичихдээ “Ай.Төмөр-Очир, Н.Лутбаяр, И.Батсүх, Г.Баатарнум, Т.Ганди, Ч.Үл-Олдох, Д.Мөнгөндалай, С.Ононтуул гэхчлэн бадрангуй тэмүүлэлтэй, бахархмаар нийтлэлчдийн бүтээл зонхилсон нь энэ номын нэр хүндийг үлэмж дээш өргөөд өгчээ” хэмээн дурдсан байна.


“Талын түрлэг” сэтгүүлчдийн бүлгэмийг 2013 оны гуравдугаар сарын 6-нд үүсгэн байгуулж, 2017 онд анхдугаар чуулган нь болж байв.

Холбоотой мэдээ