Зөв мөртэй амьдрахын учир

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-25 11:33:21

Хэнтий /МОНЦАМЭ/. Мөнх хөх тэнгэртээ тэтгэгдэжалтан шаргал нарандаа ивээгдсэн монгол хүний сайхан сэтгэл, саруул ухаан үргэлж өөдөө тэмүүлэн байна. Ийм л сайхан чанарыг энэ биедээ агуулж, эгэл амьдралдаа мөрдөж яваа малчин түмний төлөөлөл нь Хэрлэн сумын Малчдын холбооны тэргүүн, Аймгийн аварга малчин Дугаржавын Энхболд, Уртнасангийн Энхжаргал нарын гэр бүл юм. Олондоо түшигтэй, түмэндээ элэгтэй энэ гэр бүл амьдралдаа хийсэн бүтээсэнтэй, ахин хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй сэтгэл дүүрэн  амьдарч явна.   


    Тахилгатын “Нүд Энхээ”-г Хэнтийд мэдэхгүй хүн ховор. Нээрээ л нүд дүүрэн төрхтэй энэ хүнийг гэргийнхээ хамтаар Хэрлэн сумын 4-р багийн 6 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд өргөө цагаан гэр гардуулах баярт мөчид нь уулзаж, зуурхан яриа өрнүүллээ.   

    Аймгийн аварга малчин Д.Энхболд нь Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрж, найман настай балчир хүү Өндөрхааны сангийн аж ауйд хөл тавьж, аав ээжийн хамт суурьшиж байсан түүхтэй. Нүүдэлчин Монгол түмний угсаа залгамжилсан малчин Ц.Дугаржав, Ш.Рэгзэн нарын есөн хүүхдийн долоо дахь хүүхэд тэрбээр Орлойн удмын долоо дахь үеийн малчин юм. Орлойн хэмээн тодотгох учир нь Уулбаян сумын нутагт байсан ламын хүрээнд шавилан сууж байсан Орлой мэргэн хутагтын удмын хүн болоод тэр аж.

    Д.Энхболд Хан Хэнтий нутагт алс тэртээх 1973 онд буюу найман настай балчир хүү ирж, Хэнтий аймгийн ууган арван жилийг 1983 онд дүүргэжээ. Дараа нь Хялганатын ойн техникумд хоёр жил зургаан сар суралцан, Бүрэнхааны модны үйлдвэрт ажиллах болов. Тухайн үед хорих ангийн архины эмчилгээний ангид ажиллаж байсан учир механик, отрядын даргаар ажиллаж байгаад Бүрэнхааны модны үйлдвэр татан буугдах үед дэслэгч цолтой халагдаж байсан гэдэг. Багаас хөдөлмөрч, хичээнгүй тэрбээр  ийнхүү амьдралаа өнгөлж, өргөж явах ёстой хэмээн ижилдэн дассан Хэнтий нутгаа зорин иржээ.

    Уул нь түшиж, ус нь ивээдэг Хан Хэнтий нутгаа амьдралын захад хүргэж, ашдын ханьтай нь учруулсан хэмээн Д.Энхболд бахархан ярих дуртай. Төрсөнөөс дутуугүй суугуул нутгаа хүндлэн хайрлаж, сүслэн залбирч явдаг түүний хувьд Хэнтий хэмээх нэр сэтгэлийнх нь угт уяатай, зүтгэлийнх нь үзүүрт нь хаяглаатай явдаг юм.

    Д.Энхболд сайхан ханиараа бахархан ярих дуртай. Түүний хань Уртнасангийн Энхжаргал хэмээх эгэл даруу бүсгүй бий. Түмэнтэй явахын баяр жаргалыг энэ биеэрээ мэдэрч яваа энэ эмэгтэй хуучнаар Хэнтий аймгийн Идэрмэг суманд төрж, домогт Хөдөө аралд өссөн нэгэн. Малын эмч Уртнасангийн 8 хүүхдийн ууган охин тэрбээр багаасаа олонтой шуугилдаж, бужигнаж өссөн болоод ч тэр юм уу  одоо хэр нь олныхоо дунд явах дуртай. Бие өсөж, жигүүр ургахын цагтаа Өмнөдэлгэр сумын арван жилийг 1984 онд төгсөж, 1988 онд МУБИС-ийг Бага ангийн багш мэргэжлээр төгсчээ. Шинэхэн боловсон хүчин алс нутгаас эрдэм өвөрлөн нутгаа зорьж, Хэнтий аймгийн ууган сургууль Хэрлэн нэгдүгээр арван жилээс ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Хүүхэд шуугисан энэ л өргөөнд У.Энхжаргал багш хоёр анги төгсгөж, хүсэн мөрөөдсөн мэргэжлээрээ жигүүрлэж явсан он жилүүд саяхан мэт. Ажил амьдрал буцалсан 1988 оны үед нэгэн насаар түших ханьтайгаа учирч, нэгэн сэтгэлээр хайрлан өсгөх ууган охиноо төрүүлжээ. Айлын дайтай айл, амьдралын дайтай амьдралыг бий болгох зорилго нэгтэй нэгэн гэр бүлийн түүх ийнхүү эхэлсэн юм.

    Жаргал зовлон ээлжлэх хүний энэхэн хорвоог алагчлан туулж, зөв мөртэй, зөв бодолтой явах нь хүмүүн заяаны дээд билээ. Сэтгэл нийлсэн хоёр удам угсаагаа даган, 1994 оноос малчин болохоор шийдэж, Тахилгат тосгоны Оорцогийн бүрд хэмээх баян хангайг түшин нутаглав. Насан багаас мал дагаж, хөдөө нутагт амьдарсан Д.Энхболдын нүдэлсэн нутаг ёстой л илч, ивээлээ хайрласан сайхан газар. Уул ус тэгширсэн энэ нутагт хосууд өргөө цагаан гэрээ барьж, унаган нутгаа хэмээн хайрлан хамгаалж иржээ.

    Өнөд учирсан хосын гэрт аз жаргал ундраастай, өнөр өтгөн гэр бүлд нь чандмань эрдэнэ эрхлээстэй. Д.Энхболд, У.Энхжаргал нар гурван сайхан охинтой. Хүссэн бүхэн ирэхгүй хүний сайхан орчлонд жаргал бэлэглэж ирсэн бяцхан охидоо Алтансарнай, Алтансувд, Номин-Эрдэнэ хэмээн эрдэнээр бэлгэдэн нэрлэж, эвийг бэлгэшээн өсгөсөн он цаг гэгээн дурсамжаар дүүрэн.

    Буурлын захиас буянтны сургаалийг чанад санаж явах эв түшсэн малчин гэр бүл сайнтай муутай явахын цагт олноо түшиж, саар муу яваагаа өргөн хүндлэх сэтгэл дүүрэн. Тиймдээ ч нутгийн олон Д.Энхболд хэмээх дуудах нэрийг нь хүндлэн авгайлж, Энхээгийнх хэмээх айлыг дуурсган сайлдаг юм билээ.  Бусдын төлөө харамгүй зориулсан сэтгэл бүхэн буян болж  буцан ирдэг гэдэг.

    Сайн хань сайхан амьдрал хайрладаг гэсэн үг бий. Биеэсээ хайр ургуулж, биесээ халамжаар тэтгэсэн энэ гэр бүлийн аз жаргалын нууц нь итгэл юм. Амьдралын аль ч нугачаанд хамтдаа байж, ашдын жаргалыг хамтдаа бүтээх их хүслийн хязгаарт тэд нэгнээ гомдоож байсан нь үгүй. Өрхийн нугарашгүй ноён нуруу Д.Энхболд ханийнхаа сайн эр нөхөр, охидынхоо сайхан эцэг юм. Аливаа зүйлд санаачилгатай, нийгмийн идэвх сайтай тэрбээр мал маллахаас гадна урлаг спортод тун элэгтэй. Тиймдээ ч сагс, волейболын нэгдүгээр зэрэгтэй тамирчин хүн юм. Өгөөмөр сэтгэлт Тахилгатын Энхээ өнөр олныхоо дунд хайр түгээж, сэтгэл бэлэглэж явах дуртай.   

    Хүний орчлон алаг өнгөтэй. Эцэг эхээс үлдээсэн буян 60 гаруй толгой малтай малчны хотонд гэнэтийн гай тохиож, санамсаргүй гал алдан гэр нь шатаж, өмссөн хувцастайгаа үлдэж байсан бараан өдрүүд бий. Амьдрал намайг сорилоо хэмээн өөдөө харж, амин нутаг минь түшинэ хэмээн өөдрөг сэтгэх гэр бүл бүхнийг эхнээс нь босгож, зүтгэж явсан юм. Тэд хэзээ ч амьдралд бууж өгч, хэн нэгний өмнө толгой гудайлгаагүй эрхэм хүмүүс билээ.

    Мал дагасан амьдрал буян дагуулдаг учиртай. Нутаг орныхоо Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд гар бие оролцож, сайн сайхан түүхийг бүтээж яваа Д.Энхболдын гэр бүл 2011 онд хөдөлмөрийнхөө шимийг хүртэж, Мянгат малчин цол хүртжээ. Урмаар тэтгэгдэж, урагшлах итгэл авсан малчид 2012 онд Сумын аварга малчин, 2016 онд Аймгийн аварга малчин болж, өрхийн тэргүүн Д.Энхболд Хөдөө аж ахуйн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдан малчин удмынхаа нэрийг өргөж явна. Нүдээ олж, хүнээ таньж шагнасан шагнал амжилтыг арвижуулдаг гэдэг. Тахилгатын Энхээ 2014 оноос Хэрлэн сумын Малчдын холбооны тэргүүнээр ажиллаж байна.

            Бурхан гэр бүлийн хоёрт өгөөмөр сэтгэлийг харамгүй хайрласан гэлтэй. Түмэнтэй явах шиг сайхан юм байхгүй гэж ярих дуртай энэ гэр бүл боломж л гарвал бага гэлтгүй бусдад тус хүргэх гэдэг сэтгэлээрээ баян улс. Жил бүр Ахмадын баяр, сар шнийн баяраар Тахилгат тосгоныхоо ахмадуудад гарын бэлэг өгдөг нь  уламжлал болтлоо олон жил болжээ.  

            Буурлын буян, буянт малынхаа шимийг бусадтай хуваалцаж явдаг Д.Энхболдынх 2017 онд Хэрлэн сумын тавдугаар багийн хөгжлийн бэрхшээлтэй нэгэн иргэнд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэж, амьдралд нь итгэл нэмж байсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй учир ажил хөдөлмөр хийж чаддаггүй, таван хүүхдээ өсгөх гэж амьдралд гундуухан явсан энэ өрхөд гэгээ нэмж, сэтгэлд нь урам хайрласан энэ үйл явдлаас олон ч хүн үлгэр авч, олны сэтгэлд илч гэрэлтсэн гэдэг. Хоёр Энхээгийнх энэхүү уламжлалаа үргэлжлүүлж, энэ жил Хэрлэн сумын дөрөвдүгээрт багт оршин суух зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд мөн л өргөө цагаан гэр босгон өгч, амьдрах урам зориг хайрлажээ. Амьдралд хөл алдсан нэгнээ түшин босгож, түмэндээ дэмтэй  явахын учиг нь энэ юм. 

            Ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээр амьдралаа цэцэглүүлж яваа энэ гэр бүл одоо өнөр олуулаа. Том охин Э.Алтансарнай, хүргэн Г.Бадралт нар нь удмаа залган мал маллаж, дунд охин Э.Алтансувд нь “Мандах бүртгэл” дээд сургуулийг төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байна. Харин бага охин Э.Номин-Эрдэнэ нь энэ жил ЕБСа төгсөж, МУИС-д элсэн оржээ. Аавынхаа спортын авъяасыг уламжилсан бага охин Э.Номин-Эрдэнэ нь сагсан бөмбөг, волейболын спортын нэгдүгээр зэрэгтэй. Заяа буян тэгш энэ гэр бүлийн үргэлжлэл болж, хүмүүний орчлонд хоёр зээ хайрлажээ. Зөв мөртэй, зөв бодолтой эцэг эхийнхээ үлгэрээр Э.Энхболдын үр хүүхдүүд ийнхүү явна.      

               Эгэл малчны хотонд энгүй сэтгэл ундарч, эн тэнцүүхэн хорвоод хөдөлмөр буцалж байдаг юм. Амьдралаа холбоод хорин таван жилийн нүүрийг үзэж яваа энэ сайхан гэр бүлийг хорвоогийн гэгээн бүхэн гэрэлтүүлж, хол ойрын олны талархал түшиж явах болтугай.


Холбоотой мэдээ