Монгол, Солонгос судлаачид түрүү төмрийн үеэс хойших археологийн дурсгалыг цогцоор нь судалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-27 12:23:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Солонгосын судлаачид Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Шивээт хайрхан уулын дурсгалт газарт буй түрүү төмрийн үе болон түүнээс хойших үед холбогдох археологийн дурсгалыг цогц байдлаар малтан судалжээ.


Ингэснээр нэг оршуулгын газраас илэрч олдсон бүх хүний ясанд генетикийн, олдвор хэрэглэгдэхүүнд харьцуулсан судалгаа хийж тухайн бүс нутагт амьдарч байсан овог аймгийнхны талаар бүрэн мэдээлэл авах боломжтой болсон байна. Энэ талаар өнөөдөр ШУА-д болсон "Соёлын өвийг судалж хамгаалах Монгол-Солонгосын хамтарсан судалгаа" эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулав.

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн нь БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Соёлын өвийг судалж хамгаалах” эрдэм шинжилгээний төслийг 10 дахь  жилдээ  амжилттай хэрэгжүүлж байна.

Хамтарсан төслийн хүрээнд, 2009-2013 онд олон дурсгалыг шинээр илрүүлсэн нь Алтайн нурууны бүс нутгийн эртний түүхийг судлахад чухал эх хэрэглэгдэхүүн болж байна. Говь-Алтай аймгийн 18 сумын нутгаас нийт 5000 орчим дурсгал илрүүлэн бүртгэсэн байна. Хамтарсан судалгааны ажлын нэг гол үр дүн бол түүх, соёлын эдгээр гайхамшигт дурсгалыг устаж үгүй болохоос нь өмнө бүртгэн баримтжуулж, цаашдын судалгаа шинжилгээ, сурталчилгааны ажлын тулгуур үндэс бүртгэл мэдээллийн сантай болсон юм.

Анх 2008 оны 10 дугаар сард БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан И Сан Жүн тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирж ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй гэрээ хийж хамтарсан судалгаа эхэлсэн.

2009-2013 онд тус төслийн хүрээнд генетикийн бие даасан шинжилгээний анги Монголын баруун, зүүн, төв, хойд хэсэгт ажиллаж нутгийн иргэдээс шинжилгээний дээж авч генетикийн судалгааны материал цуглуулсан бөгөөд тэдгээрийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн сэргээн засварлалт, антропологийн хэлтэст илгээгээд байгаа аж. Одоо генетикийн судалгааны ажлын тайланг “Монголын палеоантропологийн судалгаа” хэмээх цувралаар хэвлэж эхлээд байна.

2015 онд Монгол Алтайн нурууны бүс нутагт, түрүү төмрийн үед холбогдох пазырыкийн соёлын булшны хайгуул судалгаа хийж улмаар 2016-2018 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Шивээт хайрхан уулын өвөр Хар салаа голын хөндийд 7 пазырык булш, мөн НТ II-III зууны үеийн эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох 7 булш малтан судлаад байна. Хамтарсан төслийн хүрээнд “Монголын соёлын өвийн судалгаа” 7 боть цуврал тайлан хэвлүүлжээ. 

 

Холбоотой мэдээ