“Өвсний үндэс” төслийн үр шимийг 4 аймаг хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-27 16:11:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь аймагт нийт  310.498 ам.доллар буюу 796 сая 121 мянга 582 төгрөгийн өртөг бүхий төслийг хэрэгжүүлэхээр боллоо. 


"Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн засварын ажлын төсөл", "Увс аймгийн Улаангом сумын 4-р сургуулийн өргөтгөлийн ажлын төсөл", "Завхан аймгийн Баянхайрхан сумын эмнэлгийн засварын төсөл", "Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р сургуулийн дотуур байр болон насан туршийн боловсролын төвийн засварын төсөл"-д гарын үсэг зурах ёслол өнөөдөр Японы ЭСЯ-ны өргөөнд болов.


2018 оны Япон улсын санхүүгийн жилд “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй 19 төслийн нийт дүн 1.299.330 ам.доллар буюу 3.237.721.885 төгрөг болж байна.


Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока хэлэхдээ, “Өвсний үндэс” төслийн хүрээнд, Монголын бүх нутгаар явж үзлээ. Ингэхдээ орон нутгийн сургууль, эмнэлгийн нөхцөл байдлыг харсан. Төсөл хэрэгжихээс өмнө ямар байсан, хэрэгжсэний дараа ямар болсныг мэдэхийн зэрэгцээ ард иргэдийн амьдрал, аж байдлыг ойлгож, тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлагыг таньж мэдсэний үндсэн дээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Эрүүл мэнд, боловсролын салбар бол ард иргэдэд хамгийн ойр байдаг онцлогтой. Цаашид зөвхөн энэ хоёр салбараар зогсохгүй тухайн орон нутаг, ард иргэдийн шаардлагад нийцүүлэн ажиллах болно” гэв.


Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хэлэхдээ, “Өвсний үндэс” төсөл анх 1997 онд манай аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарт өнөөг хүртэл 19 төсөл амжилттай хэрэгжээд байна. Өнөөдөр 20 дахь төслөө хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа. Хамгийн алслагдсан бүс нутгийн эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлж байгаад аймгийн ард иргэд, удирдлагууд баяртай явдаг.  Энэ удаа Өлгий сумын 4 дүгээр сургуулийн засварын ажилд 200 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ. Энэ сургуульд таван багийн иргэдийн хүүхэд суралцдаг. Мөн олон жил засвар хийгдээгүй тул халаалт, засвар үйлчилгээний асуудал тулгарсан байсан. Ноднин Ногоон нуур сумын сургуульд 180 сая төгрөгийн засварын төсөл хэрэгжүүлж, сургуулийнхаа 80 жилийн ойгоор аймгийн үлгэр жишээч сургууль болсон. Энэ удаагийн төслийг шуурхай, чанартай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэв.


“Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол Улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш одоог хүртэл 542 төсөл хэрэгжүүлжээ.

Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь хөгжиж буй орны орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүгээр дэмжихэд голлох үүрэг гүйцэтгэдэг байна. 

Холбоотой мэдээ