Эмиратын “Dubai cares” байгууллага дөрвөн цэцэрлэг барихад тусална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-29 12:52:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын “Dubai Cares” байгууллагын гүйцэтгэх захирал Тарик Аль-Гургтай өнөөдөр уулзлаа.

Ноён Тарик Аль-Гург уулзалтын эхэнд, Монгол Улсын БСШУСЯ-тай боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэхүү уулзалт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон АНЭУ-ын Гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны сайд Рийм бинт Ибрахим нарын уулзалтаар ярьсан хамтын ажиллагааны саналуудын үргэлжлэл гэдгийг тодотгов.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг манай яам төдийгүй Монгол Улсын Засгийн газрын тулгамдсан асуудал болоод буй хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт, сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар БСШУСЯ болон АНЭУ-ын “Dubai Cares” байгууллагын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Энэ хүрээнд Улаанбаатар хотод дөрвөн цэцэрлэг барих хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Уулзалтад Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжи, БСШУСЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцов.

Холбоотой мэдээ