Харааны бэрхшээлтэй сурагчид брайль газрын зураг ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-02 13:49:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 4 төрлийн, тус бүр 150 ширхэг, брайль газрын зургийг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай дунд сургуульд хүлээлгэн өгөв.


Монгол Улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан 4 төрлийн брайль газрын зургийг 2018 онд зохион, хэвлүүлсэн байна. Үүнд, дэлхийн газрын зураг, Монгол орны засаг, захиргааны зураг, 116 дугаар сургууль орчмын тойм зураг, тус сургуулийн хашаан доторх тойм зураг багтжээ.

Брайль газрын зургийг харааны бэрхшээлтэй сурагч, иргэдийн мэдлэг, мэдээлэл олж авах хэрэгцээнд нийцүүлсэн бөгөөд хараагүй иргэдэд зориулан газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичиж, харин хараа нь тодорхой хувиар алдагдсан сурагч, иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлсэн байна.

Эдгээр брайль газрын зургаар дамжуулан сурагчид сургуулийн ойр орчмын газар орны байдал, өөрийн улсын болон аймгуудын байршил, хэлбэр, хэмжээ, дэлхийн улс орнууд, тив, далай тэнгис хаана байрладгийг мэдэж, газар зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх юм. Мөн 116 дугаар сургууль орчмын брайль газрын зургийг ашиглан автобусны буудлаас сургууль хүрэх, сургуулийн хашаан доторх брайль газрын зураг ашиглан сургуулийн хашаан дотор ганцаараа явах боломжтой болжээ.

БХБЯ, ГЗБГЗЗГ цаашид аймаг, сум, Улаанбаатар хоттой илүү сайн танилцуулах “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монгол орны атлас” зохион, хэвлүүлэхээр төлөвлөжээ.


Холбоотой мэдээ