Оросын аялал жуулчлалын төслүүдийг Азийн хөрөнгө оруулагчдад  таниулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-03-24 12:50:33

Энэ сарын 17-нд Москва хотноо аялал жуулчлал дэд бүтцийг хөгжүүлэх  “Их цайны зам” Эдийн засгийн анхдугаар форум болов.

 Тус арга хэмжээг ОХУ-ын Холбооны Зөвлөл, Оросын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Холбооны Аялал жуулчлалын агентлаг хамтран зохион байгуулсан юм. Форумын гол зорилго нь Орос, Монгол, Хятад улсын хооронд “Их цайны зам” нэр бүхий Ази, Европыг дамжсан олон улсын коридорын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх, худалдаа бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд тус дэмжлэг үзүүлэхэд оршиж буй юм.

 Хуралд Хятад, Монголын болон  ОХУ-ын төлөөлөгчид оролцож байна. Монгол улсыг төлөөлж Монголын Энх тайван найрамдлын нийгэмлэгийн хөрш орнуудын газрын дэд захирал С.Энхбат төлөөлж оролцсон юм.

 Түүнтэй Москва дахь манай сурвалжлагч уулзжээ.

“Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хятадын Соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэг, Монголын Энх тайвны найрамдлын нийгэмлэгийн  төлөөлөгчийг ОХУ-ын Төрийн Думын нэгдүгээр орлогч дарга И.И.Мельников, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Карелова нар тус бүрд нь  хүлээн авч уулзсан нь ОХУ-ын эрх баригчид уг арга хэмжээнд, цаашлаад “Их цайны зам”-ын дагуу аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх энэхүү том төсөлд хэр хэмжээний ач холбогдол өгч буйг харуулж байна. Үүний бас нэг илрэл нь форумын оролцогчдод ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин болон ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар мэндчилгээ илгээсэн явдал юм“ гэж тэр  ярьжээ.

Эдийн засгийн анхдугаар чуулганд  ОХУ-ын 38 субъектын төлөөлөл, хотын дарга нар болон мужийн захирагчид, холбогдох яам, агентлагийн удирдлага, аялал жуулчлалын ба  бизнесийнхэн, олон нийтийн байгууллагынхан оролцов.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ