“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгт 40 орчим иргэн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-02 14:23:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2019 оныг Дарханчууд “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдын гэр бүлийн дунд албаны үйл ажиллагааг сурталчлах, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулсан аж.

Тус өдөрлөгийн үеэр Онцгой байдлын газрын түүхэн музейг үзүүлэхийн зэрэгцээ галын техник олон төрөлтийн спортын тамирчид довтолгооны шатанд гүйх, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид барилгын өндөр давхраас аврах хоолой, аврах дэр ашиглан нэрвэгдсэн иргэдийг аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг талаарх үзүүлэх тоглолтыг алба хаагчид гэр бүлийнхэндээ сонирхуулжээ.

Ямар нөхцөлд, хэрхэн ажилладаг талаар нээлттэй үзүүлэх тоглолт хэлбэрээр зохион байгуулсан тус өдөрлөгт 20 алба хаагчийн гэр бүлийн 40 орчим иргэн оролцсон аж.

Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн явуулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулжээ.

Гэр бүлийн жилийн хүрээнд цаашид томоохон ААНБ-ыг тухайн өдөрлөгийг байгууллага дээрээ зохион байгуулахыг аймгийн ОБГ-ын алба хаагчид уриаллаа.

Холбоотой мэдээ