Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны XIV бага хурал хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-03 18:41:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо тавдугаар сарын 2-ны өдөр XIV бага хурлаа хийж, холбооныхоо үйл ажиллагааны алдаа, оноо, амжилт, сургамжийг хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойллоо. 

Тус бага хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан, “Эрхэмсэг дотно Дундговь” ТББ-ын тэргүүн Н.Тогтох, Монгол Улсын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ч.Эрдэнэбат нар уригдан ирж, хоршоологчдын холбооны удирдлага, гишүүд, дэмжигчид, сумдын Засаг дарга нар нийт 83 төлөөлөгч оролцжээ.

Дундговь айигийн ХААХХ-ны дарга Д.Чандмань тус холбооны 2018 оны үйл ажиллагаа, үр дүнгийн тайлан илтгэл, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус тус танилцуулж, төлөөлөгчдөөр хэлэлцүүлсэн ажээ.

Мөн бага хурлын үеэр “Эрхэмсэг дотно Дундговь” ТББ-ын тэргүүн Н.Тогтох, Монгол Улсын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ч.Эрдэнэбат нар “Дундговь аймгийн хонины ноос ба хоршоод” нэгдсэн үйл ажиллагааг танилцуулж, төлөөлөгчдийн саналыг авчээ.

Тодруулбал, тус аймгийн хонины ноосыг ченжийн гараар дамжуулалгүй, малчид хоршоогоороо дамжуулж, “Могол ноос” ХХК-ийн үйлдвэрт тушааж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

Могол брэнд нь монгол хонины нарийн ноосноос ноолуурыг ялган авч, нарийн утас ээрч, даавуу нэхэн, хонины ноосон пальто үйлдвэрлэсэн нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарт томоохон нээлт болсон байдаг. Тэгвэл Дундговь, Сүхбаатар аймгийн хонь бусад аймгийнхаас илүү нарийн ноостой байдгаараа онцлог тул Дундговь аймгийн хонины ноос нь тус үйлдвэрийн гол түүхий эд болох ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ