Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 мянган хүн цэвэрлэнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-05-15 21:45:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүрээ морьтон” ХХК хамтран Туул, Сэлбэ голын ай сав газрын хог хаягдлыг энэ сарын 25-нд цэвэрлэнэ.


Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын нийт 30 гаруй байгууллагын 10 мянга гаруй хүн оролцох юм.

Нээлтийг SKY их дэлгүүрийн урд талбайд /Сэлбэ гол дагуух цэвэрлэх бүлэг/ болон Баянзүрхийн гүүрний зүүн талд /Туул гол дагуух цэвэрлэх бүлэг/ зохион байгуулах  бөгөөд нийт дөрвөн хэсэгт хуваах юм. Нэгдүгээр хэсэг Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл /Голын урд, хойд эргийн дагуу/, хоёрдугаар хэсэг Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл /Голын урд, хойд эргийн дагуу/, гуравдугаар хэсэг Долоон буудлаас 100 айлын гүүр хүртэл /Голын урд, хойд эргийн дагуу/, дөрөвдүгээр хэсэг Долоон буудлын эцсээс “Баянмонгол” хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл нийт 1156.6 га буюу 30 км газрыг хамруулах юм.

Цаашид Туул, Сэлбэ голын эрэг дагуу 10 хүн тогтмол цэвэрлэж байх санаачилгыг “Хүрээ морьтон” ХХК гаргаж, өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг Хан-Уул, Баянзүрх дүүргийн ТҮК тээж зөөвөрлөх аж.

Холбоотой мэдээ