БНХАУ-д сурах оюутан, залуус визийн мэдүүлгээ одооноос өгөхийг зөвлөв

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-05-16 12:57:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутан, залуусыг одооноос визийн мэдүүлгээ өгөхийг ГХЯ-ны Консулын газраас зөвлөв.


БНХАУ-д суралцах хүсэлтэй оюутан, залуус ихэвчлэн жил бүрийн 7-9 дүгээр сард визийн мэдүүлгээ тус улсын Элчин сайдын яам (ЭСЯ)-нд өгдөг байна. Үүний улмаас ЭСЯ-ны визийн үйлчилгээнд ачаалал үүсдэг аж. Тиймээс оюутан залуусыг одооноос визийн мэдүүлгээ өгч, ачаалал үүсгэхгүй байхад анхаарахыг зөвлөж байгаа аж. Мөн БНХАУ-д одоо суралцаж байгаа оюутнууд зуны амралтаараа эх орондоо ирэхээсээ өмнө тус улсад оршин суух визийн хугацаагаа сунгуулахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.


БНХАУ-ын ЭСЯ долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагийн 09:30-12:00 цагт визийн мэдүүлэг хүлээн авдаг.

Холбоотой мэдээ