Дэлхий нийтээр шинжлэх ухааны сэтгүүлзүйд анхаарлаа хандуулж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-05-16 17:40:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан, технологийн сан "Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь" шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус сангийн захирал, доктор С.Намсрайжав хэлэхдээ, “Шинжлэх ухаан гэдэг тэр дороо өгөөжөө өгдөггүй, үр дүн нь хөгжилд нөлөөлдөг онцлогтой. Улсын хөгжил шинжлэх ухаанаасаа гэдэг. Эрдэмтэн, судлаачид үр ашигтай, оновчтой шийдвэр гаргаж байна. Түүнийг түгээн дэлгэрүүлэх, танилцуулах, сурталчилгааны ажилд анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн сэтгүүлчдийг хамтран ажиллахад уриалж хамтын ажиллагааны сургалт явуулж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд сэтгүүлчид шинжлэх ухааны мөн чанар, нэвтрүүлэг бэлтгэхдээ юунд анхаарах шаардлагатайг мэдэх бололцоотой болно” гэв.

Дэлхий нийтээр шинжлэх ухааны сэтгүүлзүйд анхаарлаа хандуулж буй энэ цаг үед манай улс ч бас энэ чиглэлд илүү анхаарч, цаашид хөгжүүлэх бодлого баримтлах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.

МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш М.Зулькафель, “Шинжлэх ухааны сэтгүүл зүй гэдэг бол сэтгүүл зүйн тусгай салбар бөгөөд шинжлэх ухааны баримт, мэдээллийн үндсэн утга санааг өөрчлөхгүйгээр ОНМХ-ийн энгийн, ойлгомжтой нийтлэлийн хэлэнд  шилжүүлэх чиглэл юм. Өнгөрсөн жилээс МСНЭ “Сэтгүүлчдийг мэргэшүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд БСШУСЯ-тай хамтарч ажиллах, давтан бэлтгэх боломжтой. Сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулийн хөтөлбөрт энэ чиглэлийн тусгай хичээл оруулах, ялангуяа мэргэжлийн магистрантуудыг энэ чиглэлээр бэлтгэх боломж бий. Бакалаврын 3-р ангиас эхлээд мэргэшүүлэх замаар бэлтгэх шаардлагатай байна. Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны сэтгүүлүүдээс гадна “Шинжлэх ухаан, амьдрал” зэрэг шинжлэх ухаан-танин мэдэхүйн хялбаршуулсан тогтмол хэвлэлтэй болох хэрэгтэй” гэв.

Шинжлэх ухааны сэтгүүлзүйг хөгжүүлснээр шинжлэх ухааны хэллэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хүүхэд залууст танин мэдүүлэх чухал ач холбогдолтой юм. Тиймээс энэ чиглэлээр цаашид хүүхэд залууст хандсан олон үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай болохыг эрдэмтэд хэлж байлаа. Мөн нийгмийн хөгжилд үнэ цэнээ өгөх шинжлэх ухаан, сэтгүүл зүйн салбар дундын хамтын ажиллагааг эхлүүлэх, шинжлэх ухаан, эрдэмтэд, олон нийтийн хоорондын гүүр болох шинжлэх ухааны сэтгүүл зүйг хөгжүүлэх хэрэгтэйг онцолж байв.

Хэлэлцүүлэгт Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, өдөр тутмын сонин, сайтын сэтгүүлчдийн төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид оролцсон юм.


Холбоотой мэдээ