Индонезод сонгуулийн штабын ажилтнууд яагаад нас барж байна вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-17 14:32:09

ЖАКАРТА. /BBC/. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Индонез улсад ерөнхийлөгчийн, бүх нийтийн, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулсан нь дэлхийн хамгийн том сонгуулийн нэг болсон юм.


Харин санал хураалтын үеэр болон түүнээс хойших өдрүүдэд сонгуулийн штабын 500 гаруй ажилтан нас барсан байна. Индонезын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, тэдний нас баралтын шалтгаан нь сонгуулийг зохион байгуулах хийгээд санал хуудсыг тоолох үеэр хэт их ядарсантай холбоотой ажээ.


“Өнгөрсөн сард болсон сонгуульд 190 сая гаруй сонгогч саналаа өгсөн бол сонгуулийг зохион байгуулах ажилд 7.3 сая хүн оролцсон байна. Тэдний 5.6 сая нь төрийн албан хаагч бол үлдсэн хэсгийг нь аюулаас хамгаалах хүчний ажилтнууд бүрдүүлсэн” гэж Индонезын Сонгуулийн хорооноос мэдээлсэн байна.


Бүх саналын хуудсыг гараар тоолж байгаа бөгөөд товлосон хугацаандаа дуусгахын тулд зарим тохиолдолд өдөржин шөнөжин ажиллахад хүрчээ. “Хэт их ажилласнаас үүдэлтэй өвчний улмаас сонгуулийн штабын 270 гаруй ажилтан нас барж, 1878 хүн өвдсөн” гэж Сонгуулийн хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд мэдээлж байсан юм. Харин одоо нас барсан хүмүүсийн тоо 550 давжээ.


Нас барсан хүмүүсийн нас, хүйс, эрүүл мэндийн байдлын талаар албан ёсны тооцоог гаргаагүй байгаа боловч Индонезын эрх баригчдын мэдээлснээр, нас барагсдын дийлэнх нь 50-аас дээш насны хүмүүс байжээ.


Сонгуулийн штабын олон зуун ажилтан нас барсан явдалтай холбоотой маргаан олон нийтийн дунд дэгдээд байгаа бөгөөд цаашид ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт оруулж, завсарлагатай ажиллуулж, ажлын ачааллыг зохицуулахыг уриалж байна.


Үүний зэрэгцээ Энэтхэг, БНСУ зэрэг Ази тивийн ардчилсан орнуудын туршлагаас судалж, сонгуулийг үе шаттайгаар зохион байгуулж, саналыг бүртгэх, тоолох зэрэг үйл ажиллагаанд шинэ технологийг нэвтрүүлэх зэрэгт анхаарах хэрэгтэй байгааг Индонезын энэ удаагийн сонгууль харуулжээ. 

Холбоотой мэдээ