Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-05-17 14:36:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган,Төв аймгийн өмнөд хэсгээр маргааш цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.


Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр, энэ сарын 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас хайлмагтан орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.

 Энэ сарын 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19,20-нд говь, талын нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Холбоотой мэдээ