Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-18 11:06:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Автомашингүй өдөр” өдөр тул хэд хэдэн байршилд зам хааж байгаа. Их тойруу доторх автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оров.


Их тойруугаар явах чиглэлд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоол, Нарны замаар явах чиглэлд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоол, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын үндэсний төвийн зогсоолд бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намьяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэл Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилнэ. Энэ өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар-Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэл зогсоно. Энэхүү зохицуулалтаар өнөөдөр 17.00 цаг хүртэл үйлчлэх юм.


Холбоотой мэдээ