Тагнуулын төв газрын ажилтан асанд хорих ял ногдуулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-05-18 13:13:13

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асныг Хятадын төлөөлөгчид цэргийн нууц мэдээлэл өгсөн хэрэгт холбогдуулан 20 жилийн хорих ял ногдуулсан гэж АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлжээ.


Өдгөө 62 настай Кевин Маллориг тагнуулын ажиллагаатай холбоотой хэд хэдэн хэрэгт гэм буруутайг тогтоосон байна. Мандарин хэлийг бүрэн эзэмшсэн, Виржиния муж улсын Лисбург хотоос гаралтай тэрбээр Засгийн газрын харьяа агентлагуудад олон төрлийн албан тушаал хашдаг байсан бөгөөд нууцын зэрэглэл бүхий баримт бичгийг ашиглах эрхтэй байсан аж.


К.Маллори нууц мэдээллийг Хятадын талд 25 мянган ам.доллараар худалдсаныг хууль сахиулагчид тогтоожээ. Түүнийг нууцын зэрэглэл бүхий баримт бичгийг сканнердан зөөврийн хард руу хуулж буйг дүрс бичлэгээр нотолсон байна. Хууль зүйн яамны мэдээлснээр, тэрбээр 2017 оны гурав, дөрөвдүгээр сард Хятадын төлөөлөгчтэй уулзахаар Шанхай хот руу явсан ажээ.


"К.Маллори улс орноо эрсдэлд оруулаад зогсохгүй Америкийн ард түмнийг аюулд оруулсан" гэж Виржиния муж улсын прокурор Закари Тервиллигер жиргэжээ. Энэ хэрэг олон нийтийн итгэл найдварыг хөсөрдүүлж, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хүмүүст сургамж боллоо гэж тэрбээр нэмж бичсэн байна. 

Холбоотой мэдээ