Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-05-20 15:50:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй гал түймрийн аюулаас Цаг уур, орчны шинжилгээний газар сэрэмжлүүллээ.


Ойрын өдрүүдийн цаг агаарын төлвийг танилцуулж байна.

22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 24-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар цас хайлмагтан орно. Салхи 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь,  талын нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Холбоотой мэдээ