Энэ жил га-аас авах төмс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-22 17:34:42

Завхан /МОНЦАМЭ/Завхан аймаг энэ жил газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин хамтран ажиллаж байна.

Тухайлбал энэ жил тариаланчдыг техник тоног төхөөрөмжөөр хангах, саримс, шинэ сортын төмс, хүнсний ногооны үрийг гэрээлэн олгох ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 190 га-д төмс, хүнсний ногоо тариалахаар суулгах ажил ид хийж байна. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 2317,2 тн төмс, 1269,4 тн хүнсний ногоо хураан авч хүн амынхаа хэрэгцээт төмсний 69,5 хувь, хүнсний ногооны 26,6 хувийг хангажээ.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор тариаланчдыг бодлогоор дэмжиж, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажилласнаар аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 30 хувь, төмс хүнсний ногооны 70-аас доошгүй хувийг орон нутагтаа үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж. Газар тариалангийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжсэнээр орон нутагт энэ салбарт ажиллах хүний тоо ч эрс нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар 160 гаруй тариаланчид хүнсний ногоо, саримс, сонгино, хүлэмжийн аж ахуйг эрхэлж байна.

Өнгөрсөн жил гэхэд Улаанбаатар хотноо болсон "Эрүүл монгол хүнс 2018", "Алтан намар" үзэсгэлэн худалдаанд Завханы таван аж ахуйн нэгж амжилттай оролцсон бөгөөд Улиастай, Алдархаан, Тосонцэнгэл сумаас таван аж ахуйн нэгж, хоёр иргэн нийт 39 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна. Үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэн, аж ахуйн нэгжүүд нийт 16.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн аж. Тосонцэнгэл сумын иргэн Ж.Сосорбарам эмийн ургамлын суулгац, байгалийн жимс тарьж ургуулсан төрөлд "Шилдэг жимсчин" өргөмжлөл хүртсэн тухай аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ