Гудамжинд амьдардаг хүүхдүүдэд хандив өгөхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-24 12:28:10

КАМПАЛА. /BBC/. Уганда улсын нийслэл Кампала хотын засаг захиргаа гудамжинд амьдардаг хүүхдүүдэд мөнгө болон хоол өгөхийг хориглосон хуулийг баталсан байна.


“Энэхүү хууль нь хүүхдүүдийг арилжааны болон бэлгийн мөлжлөгт ашиглахаас сэргийлэх зорилготой юм” гэж Кампала хотын дарга Эриас Лукваго мэдээлжээ. Засгийн газрын тооцоолсноор, Кампала хотын гудамжуудад 17 хүртэлх насны 15 мянга гаруй хүүхэд амьдардаг ажээ.


Шинээр баталсан хуулийг зөрчсөн этгээдүүдэд дээд тал нь 6 сарын хорих ял эсвэл 11 ам.долларын торгууль ногдуулна. “BBC” сувгийн Уганда дахь сэтгүүлчийн мэдээлснээр, хүүхдүүдийг тосгодоос хулгайлж, хэсэг бүлэг хүмүүст өгч, хотын ядуусын хорооллын жижиг өрөөнүүдэд амьдруулан гуйлга гуйлгуулах тохиолдол их байдаг ажээ.


Дээрх асуудалтай тэмцэхийн тулд баталсан шинэ хуулинд биеэ үнэлэх, гуйлга гуйх, худалдаа хийлгэх зэрэг ажиллагаанд түрээсийн байраар дэмжлэг үзүүлэхийг хоригложээ. Гудамжинд гуйлга гуйдаг 60 настай эмэгтэй хэлэхдээ, хажуугаар нь өнгөрч буй хүмүүсээс илүү их мөнгө авахын тулд хүүхдүүдийг өөртэйгээ хамт байлгадаг байсан гэжээ.


Энэхүү хууль нь “мөнгө олох” зорилгоор хүүхдүүдээ ашиглаж буй эцэг эхчүүд болон бусад хүмүүст мөн хамааралтай бөгөөд хүүхдээрээ гуйлга гуйлгуулсан, гудамжинд юм заруулсан хүмүүст ял ногдуулахаар тусгажээ. Уг хууль нь одоогийн байдлаар Кампала хотод хэрэгжих юм байна. 

Холбоотой мэдээ