А.Шинзо, Д.Трамп нар худалдаа, БНАСАУ, Ираны асуудлаар хэлэлцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-27 13:06:26

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар даваа гарагт худалдаа, БНАСАУ, Ираны асуудлаар хэлэлцжээ.


Уулзалтын дараа Д.Трамп БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн ар гэрийнхэнтэй уулзана. Гэр бүлийнхнийг нь нутаг буцаахад нь Д.Трамп тусалж чадна хэмээн тэд найдаж байна. 


Өмнө нь А.Шинзо, Д.Трамп нар хоёр орны харилцаа холбоо хүчирхэг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Японд дөрвөн өдрийн айлчлал хийж буй Д.Трамп Рэйвагийн эриний анхны гадаадын хүндэт зочин болсон бөгөөд тэрбээр даваа гарагийн өглөө эзэн хаан Нарүхито болон түүний гэргий Масако нартай уулзсан юм. А.Шинзо хэлэхдээ, Япон-АНУ-ын харилцаа холбоо шинэ эринд үргэлжлэн хөгжих болно гэжээ.


БНАСАУ-ын асуудлын хувьд Вашингтон, Пёньяны хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа юм. Гэсэн хэдий ч Д.Трамп энэ чиглэлд ахиц дэвшил гарсаар байгаа хэмээгээд, түүнийг албан тушаалаа хашиж эхэлснээс хойш нөхцөл байдал сайжирсныг онцолжээ.


АНУ, Ираны хооронд хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй үед энэхүү айлчлал болж байна. Япон улс Ирантай найрсаг харилцаатай хэвээр байгаа бөгөөд А.Шинзо удахгүй тус улсад айлчлахаар төлөвлөж байна.


Иран хэлэлцээ хийхийг хүсэх төлөвтэй байгаа хэмээн Д.Трамп үзэж байгаа бөгөөд тэрбээр яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байгаа ажээ. Талууд хоёр улсын худалдааны алдагдлын талаар мөн хэлэлцэж, ирэх наймдугаар сард мэдэгдэл хийнэ хэмээн найдаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.


Өнөө орой эзэн хааны гэр бүл Трампын гэр бүлийнхэнтэй хамт төрийн хүндэтгэлийн зоог барина. 

Холбоотой мэдээ