Архины хамааралтай 78 иргэнийг сургалтад хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-28 14:16:44

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын ИТХ, Улаанбаатар хотын "МИЧХ ТББ", тус сумын 4 дүгээр багийн хамтарсан баг, Цагдаагийн газар хамтран Эрдэнэбулган сумын 1-7 дугаар багийн архины хамааралтай 78 иргэнийг оролцуулан “Би амьдралаа гэрэл рүү авчирч чадсан нь өдөрлөг”-ийг зохион байгууллаа.  

Өдөрлөгт оролцох архины хамааралтай иргэдийг оршин сууж буй газар, байж болох хаягаар хэсгийн байцаагч нар явж олж ирэн бүртгэлжүүлжээ.

Өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар хот дахь "МИЧХ" ТББ-ын багш нар урлагийн тоглолт үзүүлж, “Архины амьдралаа аз жаргалтай амьдралаар өөрчилсөн нь” сэдвийн хүрээнд архинаас татгалзаж, сайн сайхан амьдралыг өөрсдөө бий болгож чадсан сонирхолтой түүхээс иргэдэд сургалт мэдээллээр хүргэж, архинаас татгалзах хүсэл эрмэлзлэл, өөртөө итгэх итгэлийг өгснөөрөө онцлог байжээ. Сургалтад суусан иргэд архинаас хэрхэн гарч, амьдралаа гэрэлтүүлж чадсан тухай хүмүүсийн яриа, аав, ээж, хань ижлийн тухай сайхан дуу сонсоод “Үнэхээр бидэнд амьдрал байна. Хүмүүс ажил хийгээд аз жаргалтай амьдарч байхад бид юу хийгээд явна аа” гэж эгэн харамсаж, нулимс унаган байж архинаас гарах сонирхолтой байгаагаа ээлжлэн хэлж, зөвлөгөө авч байлаа.

Мөн сургалтын үеэр Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга, дөрөвдүгээр багийн Засаг дарга нар хөтөлбөрийн дагуу сургалт мэдээлэл хийж, хамтран ажилласан байна.

Сургалтыг Эрдэнэбулган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Японы хүүхдийг ивээх сангаас санхүүжүүлж дэмжжээ.

Холбоотой мэдээ