Ч.Улаан: Өвлийн хүлэмжийн цахилгаан халаалтын төлбөрийг хөнгөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-30 13:18:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын үр тариалах ажил 70 орчим хувьтай байна. Харин хүсний нарийн ногооны тариалалт 30 хувьтай байгаа талаар өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэв.


Энэ жилийн тариалах ажлыг дэмжих зорилгоор ХХААХҮЯ-наас тариаланчдад шаардлагатай техник, үр бордоо, шатахуунааар дэмжиж байгааг Ч.Улаан сайд мэдээлэлдээ онцолсон. Тэрбээр, “Улсын хэмжээнд 260 мянган га талбайд үр тариа, 250 мянга га талбайд улаан буудай тариална. Хүнсний ногооны тариалалт цаг агаарын нөхцөл байдлаас хамаарах ч хугацаандаа гүйцэтгэх бололцоотой. Тариалах ажил “шувтрах” талдаа орсон. Мөн энэ жилийн ногоон тэжээл тарих ажлын бэлтгэл хангагдаж байна” гэв.


Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, улирлын хамаарлыг арилгах чиглэлээр 5 мянган ам дөрвөлжин талбай бүхий 160 хүлэмжийг дотоодын тариаланчдад урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр олгожээ. Энэ талаар хэлэхдээ, “Ноднин манай улс 16 мянган тонн хүнсий нарийн ногоог импортоор авсан. Зах зээл дэх хүнсний ногооны эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан манай яам импортын ногоог багасгаж, дотооддоо тариалах бодлогыг баримталж байна” гэв.


Манай улсад 27 мянган га зуны хүлэмж, 60 мянган га өвлийн хүлэмж байдаг аж. Дээрх 5 мянган га улирлын хүлэмжийг нэмснээр, манай улсын импортоор авах хүнсний ногоо багасаж, дотоодын нийлүүлэлт нэмэгдэхийг салбарын сайд онцолсон.


Хятад улсын Тяньжин хоттой хамтран өвлийн хүлэмж байгуулж ажиллах санал тус яаманд хэлэлцээрийн түвшинд байгааг дуулгасан. Тэрбээр, “Нийгэмд эргэлзээ төрүүлж байгаа 50 га газар олгох асуудал үүнд тавигдаагүй, энэ талаарх мэдээлэл байхгүй байна. Албан ёсны мэдээгээр 0.3 га талбайд туршилтын хүлэмж байгуулж, 5 га талбайд өвлийн хүлэмж барих ажил судлагдаж байгаа” гэв.


Тус яамнаас дотоодын хүнсний ногооны хангамжийг сайжруулах чиглэлээр хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх санаачлагыг бүх талаар дэмжиж ажиллаж байгааг тэрээр тэмдэглэв. Энэ чиглэлд ААН-үүд төсөл ирүүлж хамтран ажиллах боломжтойг дуулгасан. ХХААХҮЯ-наас өвлийн хүлэмжийг дэмжих зорилгоор хүлэмжийн аж ахуйн цахилгаан халаалтын зардлын тодорхой хэсгийг төрөөс хөнгөлөх санал боловсруулж, УИХ-д дэвшүүлжээ. 


Энэ сарын эхээр махны үнэ нэмэгдэж, иргэдийг бухимдуулсан нь цаг агаарын хүндрэлээс хот хоорондын тээвэр зогссон, мэргэжлийн хяналтын байгууллагаас гарал үүслийн баталгаагүй маханд хориг тавьснаас үүдэлтэйг тайлбарлав. Түүнчлэн шатахууны үнийн нэмэгдэл, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр худалдааны махыг замаас нь авч байгаа нь нөлөөлжээ. ХХААХҮЯ-ны хийсэн судалгаагаар, энэ сарын 29-ны байдлаар, бөөний үнээр хонины мах 7000-7800, ямааны мах 6500-7000, үхрийн мах 7500-9000, адууны мах 6800-7200 төгрөг байна. Харин жижиглэнгийн үнээр, хонины мах 8000-9500, ямааны мах 7700-9500, үхрийн мах 10 000-12 000, адууны мах 8500-9000 төгрөгийн ханштай байгаа аж.

Холбоотой мэдээ