Шатахууны үнийг үндэслэлгүйгээр 97-161 төгрөгөөр нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-30 19:35:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас хийсэн шалгалтаар, шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч ААН-ийн шатахуун, түлш нь энэ сард 97-161 төгрөгөөр үндэслэлгүй нэмэгдсэн байна. Энэ талаар тус газраас өнөөдөр мэдээлсэн юм.


Шатахуун, түлшний жижиглэн борлуулах үнийг Шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүд он гарсаар удаа дараалан нэмсэн. Энэхүү үнийн нэмэгдэл нь бодитой эсэх, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгааг тогтоохоор дээрх шалгалтыг 17 ААН-д явуулжээ. 



ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэлэхдээ, “Шалгалтаас харахад, ААН-үүд АИ-92 шатахуунаа литр тутамд 30-100 төгрөгөөр нэмсэн байна. Түлш нь литр тутамдаа 270-289 төгрөгийн ашигтай байсан ч үнийг нь дахин нэмжээ. Шалгалтад хамарсан 17 ААН-ийн ирүүлсэн мэдээллээс харахад, гадаад хилийн үнэ нэмэгдсэн ч жижиглэн борлуулах үнийг нэмэх нөхцөл үүсээгүй нь тогтоогдсон.  ШӨХТГ-аас шатахууны үнийг шууд хянах эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс үүнд арга хэмжээ авах санал дүгнэлтээ Засгийн газар болон АМГТГ,  холбогдох яам, агентлагт хүргүүлсэн" гэв.

Б.Халиун


Холбоотой мэдээ