Ц.Бүжидмаа: Орон нутгийн тендерийн гүйцэтгэлийг иргэд хянах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-13 13:48:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ “Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо-3” төслийг хэрэгжүүлж, 21 аймагт төрийн худалдан авах ажиллагаа, төсвийн байгууллагын төсөв санхүү, сум хөгжүүлэх сангийн зарцуулалтад хяналт мониторинг хийжээ.


Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн тус төслийн тайлан хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд өнөөдөр болов. Тус төсөл нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажилд иргэдийн хяналт тавих мэдлэг чадварыг нэмэгдүүлж, тэдний идэвхтэй оролцоог бий болгох, иргэдийг мэдлэг мэдээллээр бүрэн хангах зорилготой юм.

2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн энэхүү төслийн хүрээнд 2019 онд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн 2500 гаруй иргэн хамрагдаж, 60 гаруй төрийн байгууллагын 450 гаруй ажилтан хамтран ажилласан байна.

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн тэргүүн, доктор, профессор Ц.Бүжидмаа хэлэхдээ, “Төслийн хүрээнд манай байгууллага орон нутагт хэрэгжүүлж буй тендерийг тухайн газарт нь хянаж, баримт бичгийн шинжилгээ хийлээ. Мөн иргэдээс санал хүсэлт тогтмол хүлээн авдаг. Төрийн байгууллагууд анх тендерийн талаарх мэдээллээ гаргаж өгөхгүй нууцлах гэх мэт хүндрэл гарч байсан. Гэсэн ч бид төслийн эдийн засгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилтоо ханган ажиллаж байна. Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон иргэд бидэнтэй  хамтарч ажиллаж байгаа. Тиймээс орон нутагт хийж буй тендерийн гүйцэтгэлийг иргэд хянах хэрэгтэй” гэдгийг тодотгов.


Либерал эмэгтэйчүүдийн оюуны санг  анх 1992 онд үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө 21 аймагт салбар зөвлөлтэй, 9000 гаруй гишүүнтэй аж. Нийгмийн хөгжилд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлж, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлтэй төрийн бус байгууллага юм. Мөн эдийн засгийн ил тод байдлыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

 А.Гэрэлтуяа



Холбоотой мэдээ