Крайстчерч хотын халдлагын сэжигтэн өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-14 11:18:01

ВЕЛЛИНГТОН. /ABC/. Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмүүдэд халдлага үйлдсэн хэрэгт холбогдсон Австралийн иргэн Брентон Таррант өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ. Түүнийг 51 хүний аминд хүрсэн, 40 хүний амийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгаж байгаа юм.


Крайстчерч хотын Дээд шүүхэд болсон шүүх хуралд Б.Таррант дүрс бичлэгээр оролцсон байна. Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа баталсан Шинэ Зеландын терроризмтой тэмцэх хуулиар хэн нэгнийг буруутгасан анхны тохиолдол энэ болжээ.


Окленд хотын харуул хамгаалалт өндөртэй шоронд байгаа 28 настай Б.Таррантыг дүрс бичлэгээс харахад тайван харагдаж байсан бөгөөд хааяа инээмсэглэж, заримдаа тавлан инээж байсан нь шүүхийн танхимд байсан хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн байна.


Шүүхийн гол танхимд халдлагын үеэр амиа алдсан, шархадсан хүмүүсийн ар гэрийнхнээс бүрдсэн 80 орчим хүн байжээ. Б.Таррантын хэргийн дараагийн шүүх хурал ирэх оны тавдугаар сарын 4-нд болно.


Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Крайстчерч хотын “Аль-Нур” болон “Линвуд” сүмд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас 51 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан билээ. 

Холбоотой мэдээ