Хоёр багийн төв өөрийн байртай боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-06-17 16:43:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Улсын төсвийн 408,0 сая төгрөгөөр Дархан сумын 11, 12 дугаар багт 468 м2 талбайтай, хурал, сургалтын танхим бүхий 11 өрөөтэй "Багийн хөгжлийн төв" барьж өнөөдөр ашиглалтад орлоо. 

Шинэ байранд багийн албан хаагчдаас гадна БИНХ-ын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, Цагдаагийн хэсгийн байцаагчид байрлан ажиллах ажээ. Ингэснээр 2 багийн 2500 гаруй өрхийн 8 мянга гаруй иргэнд тав тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс хүргэх боломжтой байгаа юм.

Багийн хөгжлийн төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон аймаг, сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов.

Багийн төвийн гадна зогсоол болон дотор техник тоног төхөөрөмж бусад тохижилтын ажлыг Дархан сумын Орон нутгийн төсвийн нийт 51.5 сая төгрөгөөр хийсэн аж. Дархан сумын багийн төвүүд  өөрсдийн байргүй, тухайн нутаг дэвсгэрийнхээ орон сууцны байранд байрладаг байсан юм.

Энэ жилийн тухайд 15 дугаар баг өөрийн гэсэн байртай болно. Монгол Улсын хамгийн том баг гэгддэг тус багийн иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс хүргэхэд дөхөм болгоход УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд хамтран ажиллаж байгаад иргэд талархалтай байлаа.

Холбоотой мэдээ