Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн ААШТ-нд 139 тамирчин өрсөлдөнө

Монголын мэдээ | Спорт
ariunbold@montsame.mn
2019-06-18 13:09:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн (ААШТ) маргааш буюу энэ сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт ордонд эхэлнэ.


Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 19 орны 139 тамирчин өрсөлдөнө. Мөн 46 шүүгч, 64 дасгалжуулагч, техникийн 34, Азийн гимнастикийн холбооны техникийн тѳлѳѳлѳгч 4, зохион байгуулах хорооны 116 хүн оролцоно. Тухайлбал, Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд амжилттай оролцож байсан Казахстан, Япон, Солонгос зэрэг улсын баг, тамирчдыг нэрлэж болох юм.


Энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх уг тэмцээн эрэгтэй тамирчид, чөлөөт хөдөлгөөн, бариултай модон морь, цагирагт дүүжин, харайлт, суга савлуур, турник гэсэн 6 төрлөөр өрсөлдөнө. Харин эмэгтэй тамирчид  харайлт, өндөр нам савлуур, дамжуурга, чөлөөт хөдөлгөөн гэсэн 4 төрлөөр өрсөлдөх юм.


Уг тэмцээнийг Монголд зохиосноор дараа дараагийн олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулахад туршлага болно гэдгийг Монголын гимнастикийн холбооноос Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат онцоллоо. Түүнчлэн тэмцээнийг дэлхийн 220 гаруй оронд шууд дамжуулан үзүүлнэ гэдгийг дурдсан юм.


Б. Одгэрэл

Холбоотой мэдээ