“Тамирчдын өдөр”-ийг энэ сарын 22-нд тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-19 13:51:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Биеийн тамир спортын газар хамтран “Тамирчдын өдөр”, “Олон улсын олимпын өдөр”-ийг энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ.


Энэ хүрээнд “Тамирчдын өдөр”, “Олон улсын олимпын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн ёслол, урлагийн тоглолт болох юм. Түүнчлэн нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, спорт клубүүд үйл ажиллагаагаа сурталчилж, үзүүлэх тоглолт хийхээс гадна, иргэдэд эрүүл мэндийн төлбөргүй зөвлөгөө өгөх аж.


Мөн үеэр 2020 онд Япон улсын Токио хотноо болох олимпын наадамд өрсөлдөх Монгол тамирчдыг дэмжих, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдээс хандив цуглуулах зорилго бүхий “Токио олимп сан”-гийн нээлт болно. Түүнчлэн энэ сарын 22-нд Монголын үндэсний олимпын хорооны музей болон  дүүргүүдийн биеийн тамирын зааланд иргэд төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.


Дашрамд дурдахад, иргэдийг спортоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалах зорилго бүхий “Тамирчдын өдөр”-ийг Монгол Улс 2010 оноос тэмдэглэж буй юм.

Б.Одгэрэл

Холбоотой мэдээ