Ч.Мөнхбаяр: Инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх гранд сан байгуулж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-06-20 16:11:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын санаачлагаар нийслэл хотноо өнөөдөр болж буй “Инноваци ба хөрөнгө оруулалт” чуулганы талаар тус чуулганыг зохион байгуулагч Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяраас тодруулав.

-Өнөөдрийн чуулганаас та бүхэн ямар үр дүн хүлээж байна вэ?

-Нэгд, бид инновацийн санаа, шинэ бүтээл, патентыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад дутагдаж буй санхүүгийн тогтолцоог бий болгох талаар хэлэлцэж байна. Хоёрт, энэ талаар төр, хувийн хэвшлийн хамтарч ажиллах шийдлийг тодорхойлох юм. Тиймээс чуулганаар “Инновацийн төсөл, гарааны компаниудыг дэмжих талаар банк, санхүүгийн байгууллагууд, хувийн хөрөнгө оруулагчдын оролцоо” гэсэн сэдвээр шинжлэх ухааны байгууллагууд, их, дээд сургууль, инновацийн бүтээл санаачлагч болон бизнесийн төлөөллийг хамт оролцуулан хамт хэлэлцэж байна.






Ер нь инноваци гэдгийг бид холоос хайх хэрэггүй. Энэ бол хүний амьдралын эргэн тойрон, өдөр тутам тохиолдож байдаг зүйл. Өөрөөр хэлбэл, хүн өнөөдөр хийж буй зүйлээ арай сайжруулж, арай илүү хялбар болгож, чанарыг дээрдүүлж буйг иннноваци гэж ойлгож болно. Өнөөдөр манай улсад юу дутагдаж байна гэхээр нэг талаас эдэмтэн судлаачдын гаргаж буй бүтээл, шинэ инноваци, шинэ санаа байж байна. Эдгээрийг бизнес болгон бүтээгдэхүүн гарган зах зээлд, амьдралд нэвтрүүлэх явдал дутагдаж байна. Тиймээс бид цаашид эрдэмтэн, судлаачдынхаа гаргаж буй шинэ бүтээл, шинэ санааг зах зээлд гаргаж нэвтрүүлье, ингэхдээ ямар нэг хэлбэрээр хэрэгжүүлэх тогтолцоог бий болгоё гэдэг үүднээс өнөөдрийн чуулганыг зохион байгуулж байна.

-Энд банк, санхүүгийн байгууллагуудын оролцоо, гүйцэтгэх үүргийн талаар дэлгэрэнгүй тодруулна уу?

-Бид ерөөсөө эрдэмтдийнхээ бүтээл санааг бизнес болгоход холбож өгөх юм. Өнөөдөр УИХ-ын даргын хэлэнчлэн шинэ санаа бүтээлийг ажил хэрэг болгох эко системийг бүрдүүлж дунд нь бид холбох юм. Энэ үүднээс гранд сан байгуулж бүтээгдэхүүнийг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх, зах зээлийн судлагаа хийх зэрэг зардлыг гаргаж инновацийг бүтээгдэхүүн болгон хэрэгжүүлнэ гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр



Холбоотой мэдээ