Нэрт найруулагч Никита Михалков кино академийг удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-18 17:42:43

Оросын Киноны жүжигчдийн Театрын байранд нэрт найруулагч Никита Михалковын академи үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Никита Михалков Оросын кино урлагийн холбооны ерөнхийлөгч төдийгүй одооноос тус сургуулийн ректор, жүжигчний  ур чадварын уран сайхны удирдагчаар ажиллах юм.

Сургуулийн элсэлт зуны турш үргэлжилжээ.  “Орчин цагийн жүжигчний урлаг”, “21 дүгээр зууны найрууллын урлаг”, “Зураглаачийн урлаг: 21-р зууны технологи”, “Продюссер-21-р зуун” ангиудад элсэлт авчээ. 

Никита Михалков академийн нээлтийн ёслолын арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ "Өнөөдөр би шокийн байдалтай байна. Энэ академийг байгуулах гэж олон жил зүтгэсэн. Олон  жил ч  хойш тавьсан. Ингээд бид 3 жил дараалан Зуны кино академийг зохион явууллаа. Үнэнийг хэлэхэд, ийм үр дүнтэй байна гэж бодоогүй. Энэ бүхний утга учир юунд  байна вэ ? гэвэл эд нар бол хөгжин дэвжихийг хүсч яваа мэргэжлийн жүжигчид, найруулагчид, продюссерууд, операторууд. Энэ бол зүгээр нэг хичээл, сургуулилт биш, харин амьд яриа, ярилцлага гэнэтийн эргэлтүүд, Евгений Вахтангов, Михаил Чехов, Питер Брук, Шарль Дюллен, Константин Станиславскийн школ /сургууль/“ гэж хэллээ. 

Никита Сергеевичийн киноурлагийн  академийн сонсогчид мастер-классад сууж, кино үзэж, жүжиг найруулж, студийн амьдралаар амьдарч, айлчлан тоглолтууд хийх гэнэ.

Найруулагчийн ур чадварын хичээлийг Оросын Ардын жүжигчин Владимир Хотиненко, продюссерын ур чадварт Н.С.Михалковын “ТРИТЭ” киностудийн Ерөнхий захирал Леонид Верещагин нар зааж сургана. Харин зураглаачийн урланг 77 настай Орос/ зөвлөлтийн/ киноны зураглаач, Төрийн соёрхолт,  Ардын жүжигчин Анатолий Мукасей удирдах ажээ. Энэ жил тус академид нарийн шалгуур давсан 40 хүн суралцана. 

“Энд элсэхэд маш хэцүү байсан. Эцсийн шатанд ердөө 5 хүн шалгарсан. Кино хийх өөрийн төслийг ирүүлэх ёстой байлаа.  Үүнд маш нарийн зүйлүүдийг тусгах ёстой байв. Төсвөөс аваад ямар уран бүтээлчид ажиллахыг  хүртэл тусгасан байх ёстой байлаа. Мөн бусад кинонуудтай харьцуулалт хийсэн байх ёстой байв” гэж Никита Михалковын  киноакадемийн “Продюссер-21 –р зуун” нэгдүгээр курсийн оюутан Анастасия Грищенко сурвалжлагчид ярьлаа. 

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд