УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Ээлжит чуулганы өмнө тавьсан зорилгоо биелүүлж, 2019 оны хаврын ээлжит чуулган ажлын 66 өдөр хуралдаж, 118 асуудал хэлэлцэн шийдсэн байна. Бие даасан 14, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 хууль, 44 тогтоол баталсан нь өмнөх оныхоос илүү байгааг судалгаа харуулж байна. Мөн УИХ-ын чуулган, байнгын хороодын ирц хүрдэггүй байсан муу жишиг энэ чуулганаар бүрэн ариллаа. Энэ бол УИХ-ын гишүүд хууль тогтоох үндсэн үүргээ хариуцлагатай биелүүлж байгаагийн илрэл юм. УИХ-ын гишүүд иргэд, сонсогчдынхоо үгийг сонсч, аливаа асуудлыг хамтран шийдвэрлэж байгаа нь ард түмний засаглах эрхийг хангах том алхам болж байна. Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох нээлттэй сонсгол явууллаа. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаа” хэмээв.
Мөн нийгэмд шударга ёсыг тогтоох, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, татварын
бодлогыг сайжруулах зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Жижиг,
дунд үйлдвэрлэл үйлчилгээний тухай болон Татварын багц хуулийг баталсныг онцлон
тэмдэглэв. Түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулган зарлана гэдгийг дурдлаа Ээлжит бус
чуулган Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах
зорилготой юм. Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг нээж буйг мэдэгдлээ.
Тэрбээр, "Монголчууд бид Үндэсний их баяр ёслолоо өргөн тэмдэглэх ёстой ч түүхэн үүргээ гүйцэтгэж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийг сайжруулах зорилготой энэхүү төслийг 10 жил, 3 парламент дамжин боловсруулсныг 15 нам дэмжсэн. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналаа ирүүлнэ гэдэгт итгэж байна. Бидэнд буцах зам байхгүй тул эрхэм үүргээ гүйцэлдүүлэхийн төлөө УИХ-ын гишүүн бүр, төрийн түшээ бүхэн зүтгэнэ гэдэгт итгэж байна. 27 жилийн хугацаанд 13 Засгийн газар сольсон тогтворгүй байдалд өөрчлөлт оруулж, алдаагаа ухаарах, засах цаг болсон. Тиймээс үндэсний эв нэгдэл, ойлголцол, зөвшилцлийн тунхаг болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хариуцлагатай, ажил хэрэгч хандахыг уриалж байна" гэлээ.
Ээлжит бус чуулган энэ оны есдүгээр сарын 01 хүртэл үргэлжлэх юм. Чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг тун удахгүй бүрэн эхээр нь хүргэх болно.