Элчин сайд Штефан Дуппел, Дэвид Спрул нарыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-07-24 10:38:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппелийг нутаг буцахтай нь холбогдуулан энэ сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав.


Иж бүрэн түншлэлийн харилцаатай Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд Ш.Дуппел өндөр хувь нэмэр оруулсанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлээд  цаашдын ажилд нь амжилт хүсэв. Элчин сайд Ш.Дуппел ХБНГУ-аас Бүгд Найрамдах Боливи Улсад суух Элчин сайдаар ажиллах юм.


Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзав. Тэрбээр мөн л нутаг буцах гэж буй юм.



Элчин сайд Д.Спрулыг Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, хүч чармайлт тавьж ажилласанд Сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлэв. Талууд Монгол, Канад хоёр улс нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн адил үнэт зүйлстэй бөгөөд улс төрийн харилцаа, яриа хэлэлцээ өндөр түвшинд хүрч, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол батжин бэхжиж байгааг харилцан тэмдэглэсэн юм.

Холбоотой мэдээ