Хөвсгөл нууранд усан онгоцоор аялж эхэлснээс хойш 109 жил өнгөрчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-30 14:45:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нууранд  Оросын худалдаачид 40 тоннын даацтай жижиг модон онгоцоор анх 1910 онд аялж байжээ.

Оросууд 1931 онд “Монгол Улсын 10 жилийн ой" гэдэг 100 морины хүчтэй, 100 тоннын даацтай онгоцоор мөн л Хөвсгөл нууранд аялж байсан бөгөөд 1934 оноос “Сүхбаатар” нэртэй, хоёр зуун морины хүчтэй, 110 тоннын даацтай модон онгоц, 700 тоннын ачаа ачдаг хоёр чиргүүлтэй явдаг болжээ.

Тус онгоцыг тэр үеийн ЗХУ, Монгол Улс хоёр хамтран эзэмшиж байгаад Монгол Улсад 1952 онд шилжүүлсэн байна. 1957 онд Монгол Улсын захиалгаар ЗХУ-д үйлдвэрлэсэн 400 тоннын даацтай “Сүхбаатар” усан онгоцыг “Хөвсгөл" чиргүүлийн хамт, 1961-1962 онд 500 тонны даацтай, дээд тавцандаа машин, ХАА-н машин механизм ачих талбайтай “Долгион” 300 тонн шингэн түлш ачих шатахуун тээврийн “Ургац" ган чиргүүлийг захиалан ашиглаж эхэлжээ.

Энэ нь Хөвсгөл нуураар ачаа бараа тээвэрлэж, хүн зөөж байсан хөлөг онгоцны дөрөв дэх үе юм. ЗХУ-ын Пермь хотын "Кама" үйлдвэрт бүтээсэн “Сүхбаатар” гэдэг орчин үеийн автомат удирдпага бүхий 800 морины хүчтэй шинэ хөлөг 1985 оноос аялж эхэлсэн байна.

Дизель хөдөлгүүртэй 2000 тонн ачаа чирэх чадалтай, цагт 20-22 км хурдтай явах эл хөлөг онгоц нь цаг агаарын ямарч нөхцөлд аялахад орчин үеийн найдвартай холбоогоо хангагдсан.

Хөлөг онгоцны урт 40,6 метр, өргөн нь 8,6 метр, өндөр нь 11,5 метр. Зүтгэх хоёр хөдөлгүүрийг БНАГУ-д, тогоог нь БНБАУ-д, бусад эд ангийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Сүүлийн үед Хөвсгөл нуурыг зорих гадаад дотоодын иргэд эрс нэмэгдсэн бөгөөд "Сүхбаатар" хөлөг онгоцоор  том хүн 29990, хүүхэд 10000 төрөгөөр зорчдог.

 

 

 

Холбоотой мэдээ