Орон нутагтаа суралцаад олон улсын түвшинд ажиллах эрх авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-06 10:14:06

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдоржоор ахлуулсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 5-нд Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Өмнөговь аймгийн залуус энэ коллежид нэг жил суралцаад хийн гагнуур, барилгын өрөгч мэргэжлээр олон улсын түвшинд ажиллах эрхтэй болох боломж бүрдээд байгаа юм.

Аймгийн Политехникийн коллежид Австралийн хоёр зөвлөх багш ажиллаж байгаа бөгөөд тэд тус коллежийн сургалтын орчин, агуулга стандарт, оюутан, багш нарын ур чадварыг дээрх хоёр мэргэжлээр олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж байна.

Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хүрээнд Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийн гагнуур, өрөг угсралт гэсэн хоёр мэргэжлээр энэхүү хоёр зөвлөх ирсэн ажээ. Тэд дээрх хоёр мэргэжлээр Монголын мэргэжлийн боловсролын хөтөлбөртэй ижилсүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Политехникийн коллеж 16 нэр төрлийн мэргэжлээр сургалт явуулж байгаа бөгөөд түүнээс гагнуурчин, өрөг угсрагчийн анги нь 50 оюутантай. Тус ангийн оюутнууд олон улсын сертификаттай төгсдөг болсноороо онцлогтой ажээ.

Оюутнууд хагас автомат гагнуур, хийн гагнуур, цахилгаан гагнуур хийж сурдаг давуу талтай.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ