Бяцхан балетчид хүрэл медаль хүртэв

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-08-22 18:10:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гоос зохион байгуулж байгаа олон улсын балетын тэмцээний үргэлжлэл Шиамены анхдугаар балетын уралдаанд Монголын бяцхан балетчин  Т.Мэргэнчулуу, Л.Энхжин нар хүрэл медаль хүртээд эх орондоо ирлээ.

Шиамений анхдугаар балетын уралдаан БНХАУ-ын Засгийн газрын "Нэг бүс, нэг зам" хөтөлбөрийн хүрээнд "Хамтдаа бүжиглэж Хамтдаа хөгжицгөөе" уриан дор болжээ. Тус уралдаанд 20 гаруй орны 200 гаруй мэргэжилтэн, бүжигчид уригдан оролцжээ. Эхний шатанд 220 оролцогч видео хэлбэрээр бүртгүүлснээс 152 оролцогч шалгаруулсны дунд Монгол, Хятад, Малайз, Сингапур, Литва, Орос, Япон, Индонез, Шинэ Зеланд, Солонгос, Австрали, Америк, Куб, Герман, Канад, Украйн, Польш, Казакстан зэрэг 18 орны бүжигчид багтсан аж. Уралдааныг 15 алдартай балетын бүжигчин, мэргэжилтэн шүүжээ.

МУГЖ Д.Алтанхуяг  урилгаар оролцсон бол, "Монголын Үндэсний балет" сургуулийн сурагч И.Ундрам, "Сильфида балет" сургуулийн сурагч Д.Бөртэ-Үжин, "Жи-Ривер" сургуулийн Т.Мэргэнчулуу, Л.Энхжин, Д.Хулан, УДБЭТ-ын О.Даваадорж, Б.Халиунаа, Х.Галтулга зэрэг авьяаслаг бүжигчин оролцсон байна.

Холбоотой мэдээ