Дэлхийн түүхий ноолуурын 90 хувийг хангадаг Монгол, Хятад улс зах зээлээ хамгаалах шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-11 17:51:19
NandiaMontsame

Улаанцав /МОНЦАМЭ/. Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо”-ийн хүрээнд Ноолуурын салбарын хөгжлийн олон улсын форум Улаанцав хотноо боллоо. Энэ үеэр дэлхийн ноолууран түүхий эдийн 90 хувийг нийлүүлэгч Монгол, Хятад улсын ноолуурын салбарт барьж буй бодлого, харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.


Манай улс дэлхийн түүхий ноолуурын 40 орчим хувийг дангаараа хангадаг. Харин түүнийгээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн экспортолбол эдийн засгийн үр өгөөж нь 5 дахин нэмэгдэж, зөвхөн экспортоос 1,7 тэрбум ам.доллар олох боломжтой. Түүнээс гадна АНУ манай ноолууран бүтээгдэхүүний татварыг тэглэж, БНХАУ-ын сүлжмэл бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулж байгаа нь экспортоо нэмэгдүүлэх том боломж юм.


МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин: “Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг хангадаг боловч боловсруулах үйлдвэрийн хүчин чадал 7-8 орчим хувь байгаа. МҮХАҮТ, хувийн хэвшил хамтран 40 хувиа 100 хувь боловсруулаад экспортлох стратегийг боловсруулж байна. Нөгөө талаараа, яг энэ цаг мөчид бидэнд маш том боломж гарч ирж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний татварыг тэглэх асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй зэрэгцээд энэ есдүгээр сараас АНУ Хятадын сүлжмэл бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тавьсан. Энэ үйл явц манай ноолуурын салбар хөгжих маш том боломж болох юм. Ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс өөрөө нэмүү өртгийн сүлжээ бий болгодог. Малчнаас ноолуур аваад угаана, самнана, ээрнэ, нэхнэ гэх мэт 5-6 үе шат дамжина. Шат дамжлага бүр тодорхой хэмжээний ажлын байр бий болдог. Зүгээр угаагаад гаргах бус, энэ бүх шат дамжлагыг дамжаад, 20 сая ширхэг цамцыг дэлхийн зах зээл дээр гаргаж чадвал өнөөдрийнхөөс 4-5 дахин их орлого олох боломжтой. Өөрөөр хэлбэл 1.7 тэрбум ам.доллар зөвхөн ноолуурын экспортоос олох боломжтой. Үүнийг бодит ажил болгохын тулд дэлхийн өндөр түвшний технологи, инновацыг энэ салбарт нэвтрүүлэх ёстой” гэв.

Бусад салбарт БНХАУ-тай хамтарсан үйлдвэр байгуулж технологи, боловсон хүчний шилжүүлэлт хийх боломжтой, үүнийг төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай байгааг МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр “Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь МҮХАҮТ-ын чухал ажлын нэг. Үүний тулд хүссэн хүсээгүй гадны хөрөнгө оруулалт татах шаардлага тулгарч байгаа. Хятад улс ногоон эдийн засаг руу бүрэн шилжиж, арьс ширний үйлдвэрүүдээ хаалаа. Монгол Улс 20 сая малынхаа арьс ширийг боловсруулаад гаргаж чадахгүй байна. Энэ мэтчилэн олон салбарт хамтарсан үйлдвэр байгуулах тал дээр төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай. Ингэснээр манайх технологи, боловсон хүчний шилжүүлэлтийг хийж чадна. Сайн түнштэй байж дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Түүнээс дангаараа энэ том зах зээл дээр гарах боломжгүй” хэмээв.

Ноолуур самнаж мал амьтныг тамлан зовоож байна гэх мэтээр ноолуурын зах зээлийг хумих сөрөг сурталчилгаа дэлхий дахинд эрчээ авч байгаа энэ үед дэлхийн түүхий ноолуурын гол нийлүүлэгч Монгол, Хятад улс ноолуурын зах зээлийн нэр хүндийг хамгаалахад хүчээ нэгтгэх шаардлагатай байна. 


ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү: Дэлхий нийтийн худалдан авалтын чиг хандлага бүтээгдэхүүний байгальд ээлтэй байдал, мал амьтны эрх ашгийг хамгаалахад чиглэж байна. Ноолуур самнах процесс мал амьтныг зовоож байна гэх зэргээр зах зээлийг хумих сөрөг сурталчилгаа дэлхий дахинд эрчимжиж байна. Энэ форум дэлхийн нийт ноолуурын 90 хувийг нийлүүлж буй Монгол, Хятад хоёр улс ноолуурын зах зээлээ хамгаалах, бусад үйлдвэрлэгчидтэй хэрхэн өрсөлдөх талаар ярилцах чухал талбар болж байна. Түүнчлэн хоёр орны эрдэмтэд, бизнес эрхлэгчид чуулж салбарын зөв бодлогыг тодорхойлох, хөрөнгө босгох зэрэг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар 2018 онд стратегийн чухал салбар болох ноолуурын үйлдвэрлэл, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгоход чиглэсэн Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жилийн хувьд энэ салбар амжилттай ажиллаж 1800 орчим ажлын байр шинээр бий болгосон. Он гарсаар 500 гаруй ажлын байр нэмж бий болгосон байна. Зөөлөн алт гэгдэх ноолуур нь манай хоёр орны хувьд чухал түүхий эд юм гэдэг дээр санал нэгдэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна” гэв.

ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэг: “Манай 60 гаруй мянган  жижиг дунд бизнес эрхлэгчдийн дийлэнх нь оёмол бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах салбарт ажиллаж байна. Тиймээс энэ салбарт санхүүжилт олгох, гадаад харилцааг дэмжих, стандартыг сайжруулахад олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах зорилготой байна. ЖДҮДС-ийн 47 тэрбум төгрөгөөс яг ноолуурын салбарт төсөвлөсөн зээл байхгүй. Манайд ирүүлж байгаа төслүүдийн 30 гаруй хувийг оёмол бүтээгдэхүүн, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл эзэлдэг. Жижиг бизнес эрхлэгчдэд гадаад зах зээл дээр гарах, зах зээлээ хөгжүүлэхэд мэдлэг чадвар дутмаг байдаг. Иймээс ЖДҮХС олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлж байна. Бид энэ онд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжээ АНУ, Канад, Японд экспод оролцоход нь тодорхой хэмжээний зардлыг нь хариуцах зэргээр дэмжлэг үзүүлсэн” хэмээв.

Мөн үеэр “Зөөлөн алт” загварын шоу болж Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон улс, БНСУ, Итали зэрэг зургаан орны загвар зохион бүтээгч өөрсдийн коллекцоо танилцуулсан юм. Уг шоунд "Эвсэг" ХХК-ийн дизайнер С.Алимаа өөрийн 30 загвар бүхий коллекцоо танилцууллаа.










Холбоотой мэдээ