НӨХӨРЛӨЛИЙН ГЭРЭЛ СҮҮДЭР

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-09-11 11:55:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.


Солонгосын гэрэл зурагчин Sean Pyo болон “Тусгал” клубын гэрэл зураг сонирхогч Б.Батбилэг, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан нарын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн “Монголын урчуудын эвлэл”-ийн галерейд нээлтээ хийв. Энэхүү үзэсгэлэнгийн гол сэдэв нь “нөхөрлөл” бөгөөд ирэх онд болох Монгол, Солонгос улс хооронд дипломат харилцаа тогтосны 30 жилийн ойд зориулж Сөүл хотноо уг үзэсгэлэн дэлгэгдэх юм. Тиймийн учир энэхүү арга хэмжээнээс өмнө Монголын үзэгчдэдээ мөн дэлгэн харуулж буй гэдгээ гэрэл зурагчин Sean Pyo онцлон дурдсан билээ.


Үзэсгэлэнгийн танхимд хөл тавихад говь хээр, уул талын хаа нэгтээ майхан бариад буудаллаж буй аялагчид дээр явж орох шиг мэдрэмж төрүүлнэ. Учир нь хана дагуулан өрсөн аялалын гэрэл зургуудаас гадна танхимын голд майхан босгож, үүдэнд нь аяны ширээ зассан байх бөгөөд дээр нь халуун кофе, идээ ундаа өрөөтэй харагдана. Үзэсгэлэнд зочилсон хэн боловч ширээний дэргэдэх аяны сандал дээр суугаад тухлах боломжтой. Мөн майхан дотор прожектоор гэрэлтүүлсэн бичлэгт аялалын явцыг харуулсан видео дүрс үргэлжлэн гарах нь үзэсгэлэнг бүр ч илүү “амьд” болгож чаджээ.


Нөгөөтэйгүүр аялал гэдэг зөвхөн дурсамж бүтээх, өөрийн очиж үзээгүй газрыг нүдээр харж, сэтгэл зүрхнийхээ гүнд хэзээ ч мартагдашгүй дүр зургийг хадгалж авахаас гадна өөрийн эрэлхийлж буй шинэ зүйлийг нээж олоход зориулагдсан болохыг эдгээр зурагчдын үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс харж болно.


II.




Аливаа нэг гэрэл зурагчин бүр өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай байдаг. Түүнийгээ улам бүр хөгжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулдаг билээ. Үзэсгэлэнд тавигдсан зургуудын ихэнх хувьд нь байгалийн үзэсгэлэнт газруудад зогсож буй солонгос, монгол хүмүүсийн зураг тавигдсан байна. Гэхдээ яг ч хөрөг биш. “Хүмүүс байгальтай нэг л шулуун зогсож оршдог. Байгалиас хамааралгүй байх ямар ч нөхцөл өгөгдөөгүй. Байгаль өөрөө бидний амьдралтай салшгүй холбоотой байдаг” хэмээн гэрэл зурагчин Sean Pyo өгүүлэв.


Тэрээр олон үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд өмнө нь Солонгос улсад “Хан мөрний эрэг дээрх хүмүүс” цуврал үзэсгэлэн гаргаж байжээ. Энэ удаагийн хамтарсан үзэсгэлэн нь ч мөн Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудад зогсож буй хүмүүстэй холбоотой. Харин хоёр орны хүмүүсийн нөхөрлөл, тув тунгалаг агаарын орон зайгаар холбогдсон гэгээлэг дурсамжуудын түүх гэдгээрээ онцлогтой болжээ.


Ямар ч салбарт мэдлэг чухал. Гэвч гэрэл зураг мэдрэмж, хурд хоёрын нийлбэрийг илүүтэй шаарддаг. Дээр нь өөрийн санааг хий агаарт цацаж орхиод дараа нь эмх цэгцгүйгээр цуглуулж авах шиг чөлөөт сэтгэлгээтэй байхийг хүснэ. Эндээс л мэргэжлийн ур чадвар, өөрийн гэсэн санаа, барьж авсан сэдэвтэйгээ уялдсан зургуудыг нэгэн дор цогцлоон бүтээх л хамгийн гол зүйл нь юм.


III.




Үзэсгэлэнгийн танхимийн гол хойморт байрласан улаан дэвсгэр бүхий хавтан дээр хөтлөлцөж авахуулсан хүмүүсийн зургийг тайлбарлахдаа “Хоорондоо барьж буй хэсэг нь гар биш тэнгэрийн хаяа юм. Хүний нүдэнд үзэгдэхгүй боловч тодорхой оршин байгаа шугам байдаг. Тэнгэр, далай магадгүй газрын нийлж буй хэсгийн шугам. Ямар өнцгөөс харж байгаа гэдгээс шалтгаалан ойртож, холдох ба орон зайг нүхэлж буй шугам. Эрт үед Колумб шинэ тив нээх мөрөөдлөөр аялсан шиг Монголд аялаад үзвэл өөрийн эрхгүй мэдрэх байгалийн гайхамшигт зохицол” хэмээн бичжээ.


Саяхан эх орныхоо хязгаар нутгуудаар аялаж явахдаа өөрийн эрхгүй байгалийн тэр л сайхан зохицолуудыг мэдэрч явсан билээ. Ихэнх нь аялалд холбоотой боловч тухайн хүний дүр төрхийг, байгалийн тогтоцтой нарийн уялдуулсан тэр зургуудыг “Horizon flows through the people” үзэсгэлэнгээс үзээд аливаа бүтээлд үргэлж шинэ гарц байдаг гэдгийг анзаарч харав.


Гэрэл зурагчин Sean Pyo Монгол орны аж ахуй, байгальд хайртай, уламжлалыг сонирхдог Солонгосчуудын хамт  8 жилийн хугацаанд аялахдаа шинэ клуб үүсгэн байгуулж 11 дэхь аялалаа амжилттай өндөрлүүлсэн юм. Харин эндээс үүүдэн гарсан шинэ уран бүтээлүүдийг би харж зогсоно. Амьдрал үргэлж гэрэлтэй байдаг. Гэрэл үгүй байлаа ч гэрэлтэй болгох гэсэн уран бүтээлчид, шинийг эрэлхийлэгчид бидний дунд байдаг нь хамгийн сайн зүйл. Кино, уран зураг гээд томоохон найруулагчид, зураачид нэгдэж сайн бүтээл туурвиж байсан олон жишээ бий. Тэгвэл эцэст нь нөхөрлөл ч бас урлагт хамааралтай болж таарч байна. Ямартаа ч дурсамж өөрөө үргэлж дотно дулаан байдаг билээ.





Холбоотой мэдээ