Тусгай зөвшөөрөлтэй байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-19 14:53:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж бу​й ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ.

Нийт 10.853 га газрыг хамарсан хяналт шалгалт явуулсан байна. Эдгээрээс 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоосон аж. Шалгалтаар дээрх иргэд, байгууллагууд нь зөвшөөрөлгүй байснаас гадна хууль бус аргаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийгээгүй байсан нь илэрсэн учир ийн таслан зогсоожээ. Мөн дээрх байгууллагуудад албан мэдэгдэл өгч, тухайн газар оронд байсан 363 иргэнийг тус газар нутгаас албадан гаргасан байна.

Мөн 128 экскаватор, 57 ковш, 8 бульдозер, ачааны 103 машин, суудлын 73 тээврийн хэрэгсэл, контейнер 12, 199 эсгий гэр, 58 ширхэг усан буу, 8 ширхэг гитран буу, чиргүүл хоёр ширхэг зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжийг буулган талбайг чөлөөжээ. Түүнчлэн тухайн газруудыг Байгаль орчны хяналтын бүст оруулан хяналт тавьж, ажиллахыг Ерөө, Хүдэр, Баянгол сумдын Засаг даргын тамгын газар, Байгаль орчны ажилтан нарт үүрэг болгож хүлээлгэн өгчээ.

 

Холбоотой мэдээ