Дархан цаазат газрын дэглэмийн тухай ойлголтыг иргэдэд сайн өгснөөр зөрчил гарах нь бага

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-09-24 15:09:10

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус Хамгаалалтын захиргааны Хамгаалалт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Р.Жамсрантай цөөн хором хөөрөлдлөө.


-Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанд та хэд дэх жилдээ ажиллаж байна?

-Би 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Ойн инженер мэргэжлээр төгссөнөөс хойш 33 дахь жилдээ байгаль орчны салбарт ажиллаж байна. 1996 онд Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажилд орсноос хойш 22 дахь жилдээ ажиллаж байна. Давст суманд ажиллаж байхдаа Торхилог хэсгийн байгаль хамгаалагчаар анх ажилд орж байсан. 2004 оноос эхлэн Хамгаалалтын захиргаанд ой хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад дараа нь хяналт шалгалт хариуцсан ажилтан болсон. Ер нь бол хамгаалалт, хяналт шалгалт нэг номерийн асуудал байдаг.

-Байгаль орчинд хор хохиорол учруулсан зөрчил дутагдал гарч байна уу?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэмийн тухай ойлголтыг ард иргэдэд сайн өгснөөр зөрчил гарах нь сүүлийн жилүүдэд эрс буурсан. Харин бороо хур багатай, хадлан бага гарсан жилд малчид Увс нуурын тусгай хамгаалалттай бүс рүү орж хадлан хадах, зэгс бэлтгэх асуудал гаргадаг. Иймээс хилийн тэмдэглэгээний багануудыг босгож, анхааруулга өгснөөр энэ жил тийм асуудал гараагүй.
-Таны гавьяа шагнал гэвэл?

-Улсад ажиллах хугацаандаа “Байгаль орчны тэргүүний ажилтан”, “Мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтангадас" одон болон “Аймгийн байгаль орчны салбарын Тэргүүний мэргэжилтэн”, аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”, аймгийн “Хүндэт тэмдэг” зэрэг шагнал хүртсэн. Энэ ташрамд, Хамгаалалтын захиргааныхаа түүхт 25 жилийн ойн баярын мэндийг хамт олондоо хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ