Мал эмнэлгийн зориулалтаар ашиглах зөөврийн хашааг сумдад олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-24 19:42:28

Ховд /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн зориулалтаар ашиглах зөөврийн хашааг сумдад хүлээлгэн өгөх үйл ажиллагаа энэ сарын 24-ний өдөр аймгийн төв талбайд боллоо.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг USAID\OFDA-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй Мерси Кор байгууллагын “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2” (LTS2) төслийн хүрээнд 2018 онд Ховд аймгийн 9 суманд  мал эмнэлгийн үйлчилгээний зориулалтаар ашиглах зөөврийн  хашаа хүлээлгэн өгч байсан.

Тэгвэл энэ удаа Алтай, Буянт, Дарви, Дуут, Зэрэг, Мөст, Цэцэг, Жаргалант гэсэн найман сумын Мал эмнэлгийн тасагт зөөврийн хашаа, батламж  гардууллаа.

Сумдад олгосон мал эмнэлгийн зориулалт бүхий зөөврийн хашааг "Энх Куб" ХХК-ийн хамт олон хийжээ. Тус зөөврийн хашаа нь хашлага, хүзүүвч, хаалга, бэхлэгч хэсгээс бүрдэнэ.  

600-800 малын багтаамжтай бөгөөд зэврэлтээс хамгаалсан бат бөх төмрөөр гагнажээ. Мөн 20 ширхэг тал хашаатай.  Нэг  тал хашааны өндөр 1.4 метр, урт нь 2 метр юм.

Зөөврийн хашааны давуу тал нь томсгох, багасгах зэргээр хэмжээг тохируулах боломжтой. Улмаар зөөвөрлөх, угсрахад хялбар учраас алслагдсан бүс нутгийн малчдад хүрч үйлчлэхэд ихээхэн давуу талтай гэж албаныхан ярилаа.

Мөн сумдын Мал эмнэлгийн тасгууд зөөврийн хашаатай болсноор мал эмнэлгийн үйлчилгээний  чанар сайжирч, хүртээмж өргөжинө. Цаашид  алслагдсан бүс нутагт отор нүүдлээр явж байгаа малчид малаа эрүүлжүүлэх, улмаар малын өвчлөлийг багасгах,  урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг чухал холбогдолтой гэв.  

Холбоотой мэдээ