Үндсэн хуулийн нэмэлтийн эхийн байр суурийн зөрүү

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-09-27 13:04:45

УИХ тарна, ээлжит бус сонгууль болно гээд ярьж байна. Гэхдээ эдгээр нь албажаагүй. Зөвхөн улстөрчид, УИХ-ын гишүүдийн хооронд яригдаж байгаа зүйл ээ. Албажаагүй зүйлийг ам дамжуулан газар хүргэлгүй шүүрэн авч цааш “хөөрөгдөх” нь бидний гэм биш зан юм даа.  Эдгээр эзэн биегүй дэл, сул үгийг  бүх нийтийг хамарч байгаа мэт дүр эсгэн сенсац болгоод нийгмийг түншиж үзэн улс төр хийдэг муу зүйлд улстөрчид гаршсан байна. Хүчээн аваад байгаа УИХ тарах, ээлжит бус сонгууль явуулах байр суурийг нийгмийн олонх нь дэмжвэл цааш нь аваад явчих тодорхой улс төрийн хүчин байгаа бололтой. Ийм яриа гарах сэжүүр, эх үүсвэр нь Үндсэн хуулийн нэмэлтийг ард түмнээс асуух “ард нийтийн санал асуулга”-ын тов зарлах тогтоол (батлагдаагүй)-ын төслийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) УИХ-д өргөн барьж Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ)-гоор  хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой. Энэ талаар гишүүд хувь хувийнхаа байр суурийг илэрхийлж харагдана билээ. Зарим гишүүн УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсэг зурсан гэж  мэдэгдэв. Гэхдээ хэн гэдэг гишүүний бланк дээр хэн гишүүн гарын үсэг зуруулав гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.  Албажаагүй болохоор энэ тухай цааш нь олон зүйл хэлэх нь оновтой зүйл биш учраас цэг хатгах нь зөв гэж үзлээ.


УИХ-ын 73 дугаар тогтоол (ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах) баталгаажиж, Ерөнхийлөгч хуулийн дагуу хориг тавьсан нь албажсан. Ерөнхийлөгчийн хоригийн талаар парламент дахь МАН-ын бүлгийн дарга Д. Тогтохсүрэн ам нээлээ. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлтийн эхийг  ямар хэлбэртэй байх вэ гэдгийг олон түвшинд ярьж үзээд тогтоол хэлбэртэй байх нь зөв гэж үзсэн юм гэсэн тайлбар хийж байна.


Ерөнхийлөгч “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэж заасан. Тус хуулийн зохицуулалтууд нь бүхэлдээ ( 5.2.4 мөн 6,7,8,9, 10, 11 зүйлүүд) Үндсэн хуульд “зөвхөн хуулиар” нэмэлт өөрчлөлт оруулна гэдгийг бататган холбогдох харилцааг хоёрдмол утгагүйгээр туйлын тодорхой зохицуулжээ. Хуулийн ийм тодорхой шаардлага, зохицуулалтуудыг УИХ илэрхий зөрчиж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хууль хэлбэрээр хэлэлцэн шийдвэрлээгүй бөгөөд энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэнд огт нийцэхгүй байгаагаас гадна улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон гол хуульд хууль зөрчсөн байдлаар өөрчлөлт оруулж, нийгмийн зөрчил, маргааныг улам дэвэргэх шалтгаан нэмж буй нь туйлаас зохимжгүй үйлдэл мөн гэж дүгнэж байна гэж хоригтоо маш тодорхой дурджээ.


Ард нийтийн санал асуулгын  Үндсэн хуулийн нэмэлтийн эх нь  хууль байх уу, тогтоол байх уу гэдэг дээр талуудын байр суурь зөрүүтэй байна.  Үндсэн хуулийн нэмэлтийн эхийг УИХ тогтоол хэлбэрээр баталжээ. Гэвч төрийн тэргүүн хууль байх ёстой гэж үзээд хориг тавьсан аж. Байр суурийн зөрүү хэлбэрийн хувьд, хоорондоо зөрчилтэй байгаа болохоос агуулгын хувьд хөндөгдөөгүй бололтой. Ерөнхийлөгчийн хоригийг  хэлцэхээр пүрэв гарагт (2019-9-26) зарласан МАН-ын бүлгийн хуралдаан ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хуралдсангүй. Харин даваа гараг (2019-9-30) хүртэл хойшиллоо. Бүлгийн хурал хойшлох бол нэг хэрэг хоригийг хүлээж авах уу, үгүй юү гэдэг нь өнөөдөр олон нийтийн анхааралд байна.


Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм бол ард нийтийн санал асуулгад бэлтгэсэн Үндсэн хуулийн нэмэлтийн эхийг баталсан тогтоолыг хүчингүй болгож хуульчлах болов уу. Хоригийг УИХ хүлээн авахад 26 гишүүний дэмжлэг хэрэгтэй. Харин хүлээж авахгүй гэвэл ард түмнээс асуух Үндсэн хуулийн нэмэлтийн эх тогтоол хэлбэрээрээ үлдэж, “поп”-рох дуртай улстөрчдийн дараагийн улс төрийн талбар болох магадлалтай.   

Үндсэн хуулийн нэмэлтийн  эхийн  хэлбэр (хууль,тогтоол)-ийг  хэлэлцэн шийдвэрлэх үүрэг УИХ-ын гишүүдийг хүлээж байна. Тэндээс ямар шийдвэр гарав гэдгээс хамаарч  албан бусаар ярьж байгаа парламент тарах, ээлжит бус сонгууль болох уу, үгүй юү  гэдэг талаар УИХ албан ёсоор ярьж мэдэх юм.  

Холбоотой мэдээ