Б.Эрдэнэбаяр:Байшин барилга барьснаар орон нутаг хөгжинө гэсэн ойлголт үгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 13:32:17

Сэлэнгэ аймгийн хамгийн алслагдсан сум болох Орхонтуул сум сүүлийн 3 жил дараалан аймагтаа ажил үйлсээрээ тэргүүлж байна. Ингээд тус сумын ажил үйлсийн талаар сумын Засаг дарга С.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Аймаг сумдын хэмжээнд ерөнхийдөө 2012-2016 оны ажлын гүйцэтгэл, тайлангууд яригдаад үнэлэгдээд явж байна л даа. Орхонтуул сумын хувьд өнгөрсөн хугацааг эргээд харахад ажлын гүйцэтгэл хичнээн хувьтай байна. Хийх ёстой ажлынхаа хичнээнийг нь хийв. Бас үлдсэн ямар ажил байна. Мэдээж амжилт ололт дүүрэн сумдын нэг бол танайх байгаа?

-Өнгөрсөн 4 жил бол Орхонтуул сумын хувьд амжилтын жилүүд байлаа. Бид ажлаа багцлаад тодорхой үндсэн чиглэлүүд гаргасан. Энэ чиглэлийнхээ хүрээнд төлөвлөгөө гарган ажилласан. Хамгийн түрүүнд бид иргэддээ мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх ажлыг маш олон шугамуудыг ашиглаж хийлээ. Өнөөдөр залуучдуудын дунд фэйсбүк, твиттэр албан ёсны Орхонтуул сайтаа ашиглахаас гадна сар бүр үнэгүй гаргадаг “Орхонтуул”-ын мэдээ сонинг айл бүрт хүргэж байна. Мөн электрон болон электрон бус уламжлалт урсдаг самбаруудыг ашиглан мэдээллүүдээ хүргэж байна. Хамгийн шинэлэг ололттой зүйл болох мессеж үйлчилгээг сумандаа нэвтрүүлсэн. Мөн сумынхаа автобусанд явуулын иргэний танхимыг ажиллуулсан.  Дээрээс нь сумын ЗДТГ-ын ажилтнууд маань сар бүр, улирал бүр айл бүрээр орж Тамгын газрын ажлаа тайлагнаж байна. Үүгээрээ бид иргэдээ заавал ЗДТГ-т ирж мэдээлэл ав гэхгүйгээр хүрч үйлчилж, мэдээллээр хангах боломжийг хангаж байна. Дараагийн нэг үндсэн ажил бол хүүхдийн сурч боловсрох үндсэн нөхцөл, хүүхдийн хүмүүжлийн асуудалд тодорхой ажлуудыг хийлээ. Энд хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоонд тулгуурласан хүүхдийн чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон. Хүүхдүүдийн саналаас гарсан хүүхдийн ордонг сумандаа байгуулж байна. Хүүхдүүд тэндээсээ тодорхой мэдээлэл авах, номын сангаар үйлчлүүлэх, интернэтэд аялах гээд бүхий л боломжийг хангаж өгнө. Мөн бид “Рашаант” тосгоныхоо сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүллээ. Энэ маань мэдээж хүүхдүүд гэртээ сурч, хүмүүжих боломжийг нээсэн тодорхой ажил болж байгаа юм. Мөн багш, хүүхэд, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаан дээр эцэг эхчүүдийн саналыг оролцуулсан ажлыг бас хийгээд явж байна. Бүтээн байгуулалтын хувьд энэ 4 жилд хөрөнгө санхүүгийн байдал таагүй байсан шалтгаанаар төлөвлөсөн ажлууд бүрэн хийгдэж чадаагүй. Гэсэн ч бид өөрсдийн боломжоороо хэд хэдэн ажлуудаа амжуулсан. Орхонтуул сумын эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Сэлэнгэ аймгийн нийт үр тарианы 10 хувь, Монгол Улсын нийт үр тарианы 5 хувийг дангаараа үйлдвэрлэж  байгаа. Манайх аймагтаа хамгийн олон 200 мянган толгой малтай сум. Таван хошуу малынхаа 4 төрөл дээр нь аймагтаа тэргүүлж, үхэр сүргийн хувьд 3-р байранд явдаг.

Манай сум 1004 өрхтэй. Эдгээрийн маань 604 өрх нь малчин буюу мал бүхий өрх  байдаг. Иймээс бид эдгээр өрх рүүгээ чиглэсэн тодорхой бодлого авч хэрэгжүүлэх ёстой гэсэн үүднээс сумынхаа ИТХ-аар үндсэн Орхонтуул сумын брэнд болох Сэлэнгэ үхэр сүрэг дээр тулгуурласан бэлчээрийн бүс нутгийг тогтоож эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхээр ажиллаж байна. Ингээд монголынхоо томоохон компаниуд болон Өвөр монголын номер нэг махны чиглэлийн аж ахуй болох “Замучан”  гэдэг групптэй хамтарч ажиллахаар болсон. Ингэснээрээ малчдын гар дээр байгаа нутгийн омгийн малыг эрлийз болон цэвэр эрлийз малаар солих борлуулалтын шугамыг нээж өгөх боломж бүрдэж байгаа юм. Мэдээж дээр нь мал эмнэлгийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэн авч явах болно. Ийм зорилготой ажлуудыг хийж байна. Энэ маань дөнгөж эхлээд явж байгаа. Энэ жилүүд ажил амжилтын жилүүд байлаа. Орхонтуул сум ажил үйлсээрээ 3 жил дараалан аймагтаа тэргүүн байр эзэлсэн. Энэ бол Орхонтуулчуудын маань нөр их хөдөлмөр байлаа. Дээрээс нь аймаг, орон нутгийн удирдлагуудын дэмжлэг их байснаас тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж чадлаа.

-Орхонтуул бол хамгийн алслагдсан сум. Мэдээж иргэдээ мэдээллээр хангана гэдэг бол маш чухал ажил. Танай сумын хувьд иргэд ямар хөдөлмөрийг түлхүү эрхэлж байна. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлд гаргахад ямар ажлууд хийв?

-Өрхийн үйлдвэрлэлийн хувьд маш уналттай жилүүд байлаа. 260 га хүнсний ногооны талбай манай иргэдэд байна. Зах зээл дээр хүнсний ногооны үнэ унасан шалтгаанаар энэ үйлдвэрлэл бүрэн зогсчихоод байна. Бид сумаас жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногооны чиглэлээр үйлдвэрээ байгуулах томоохон аж ахуйн нэгж байвал манай сумтай хамтарч ажиллаач ээ гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Бид бол тухайн компанийн үйлдвэрлэл явуулах хэмжээний газраар нь хангаж өгье. Иргэдэд байгаа тэр газар дээр иргэдээр хэрэгцээт ногоогоо тариулаад бүтээгдэхүүнийг нь үйлдвэртээ аваач ээ гэдэг саналыг бид тодорхой аж ахуйн нэгжүүдэд тавьж байна.

-Таны энэ тавьж буй саналыг хэр хүлээн авч байна. Эргээд хандаж байгаа аж ахуйн нэгжүүд байна уу?

-Хүлээн авч байна аа. Түрүүн ярьсан махны чиглэлийн үхрийг үржүүлнэ гэдэг маань 604 малчин өрхийн асуудлыг шийдвэрлэж байна гэсэн үг. Дээр нь 260 орчим га талбайгаа хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагааг нь явуулчих юм бол тодорхой үр дүнд хүрэхээр байна. Сум хөгжүүлэх сангаараа бид тодорхой төслүүдийг дэмжээд явж байна. Үндсэндээ сүүлийн 4 жилийн эдийн засгийн уналттай холбоотойгоор иргэдийн яг эрхэлж байсан үйлдвэрүүдийн борлуулалт байхгүй болж, худалдан авах чадвар муудан уналтанд орсон байдалтай байна. Иймээс  ямарваа ажлыг цогцоор нь шийдэх ёстой юм байна гэж харж байгаа. Нэг хүн зөвхөн өрхийн үйлдвэрлэл эрхлээд бол хол явахгүй юм байна. Тиймээс нийтэд нь шийдье гэсэн бодлогоор асуудлыг шийдээд явж байна.

-Залуу даргын ажил үйлс өөдрөг байгаа учраас сумын ажил үйлс аймагтаа тэргүүлсэн болов уу. Сумынхаа ирээдүйг хэрхэн төсөөлөн харж байна даа?

-Орхонтуул сумын ирээдүй өнгөтэй байна. Иргэд маань боломжийн амьдралтай болох боломж манай суманд маш өргөн бий. Тиймээс энэ өргөн боломжийг бид энэ цаг хугацаанд эхлүүлж, ашиглахгүй бол цаашдаа хожимдоно. Иймээс маш хурдан хугацаанд бид иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Түүнээс байшин барилга бариад сум орон нутаг хөгжинө гэсэн ойлголт одоо үгүй болжээ. Иргэн өөрөө мөнгөтэй, баян, боломжийн амьдралтай байвал сум орон нутаг өнгөтэй, өөдтэй хөгжих юм байна. Тун удахгүй холын хүмүүс хотоос, бусад аймаг сумдаас ирж Орхонтуул сумаас хоол хүнсээ бэлтгэдэг болно гэдэгт итгэж байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг 

 

Холбоотой мэдээ